Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Доржханд: УИХ-ын гишүүдийн 50 орчим хувь нь орлогоо нотлох шаардлагатай

Б.Бадамгарав, IKon.mn
2018 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Хөдөлмөрийн үндэсний нам арваннэгдүгээр сарын дунд үеэс эхлэн "Монгол төрөө хулгайч, бирдүүдээс цэвэрлэе" аяныг зарлажээ. Үүний дараагийн шат болгож, “Орлогоо нотол” хөдөлгөөнийг эхлүүлж байгаа талаараа өнөөдөр мэдээллээ. 

Тэд эхний удаад УИХ-ын 76 гишүүний Хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах бөгөөд үндэслэлгүй хөрөнгөжсөн гишүүдийг орлогоо нотлохыг шаардах юм байна. Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, С.Эрдэнэ нарыг хамгийн түрүүнд орлогоо нотлохыг шаардлаа. Энэ талаар ХҮН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Д.Гантулга “ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо хоёр тэрбумын байр авснаа хэлсэн.

Уг мөнгийг бүрдүүлэхдээ 750 орчим саяыг нь өмнөх байраа зарж, 350 орчим саяыг нь эхнэрийнхээ компанийн тоног төхөөрөмжийг зарсны дээр 150 мянган ам.долларыг Чингис хаан банкнаас авсан гэж ярьсан. Гэтэл үүнийг нь нэмээд үзэхээр 500 сая төгрөг дутаад  байгаа юм. Тэгэхээр баримттайгаар өөрөө ярьсан Ж.Мөнхбат гишүүнийг эхлээд орлогоо нотол гэж шаардаж байна” гэсэн юм. 

Харин орлогоо нотлохыг шаардаж буй дараагийн хүн нь АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ юм. Энэ талаар тэрбээр “С.Эрдэнэ гишүүн ХОМ-д мэдүүлснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1,072 хувьцаанаас өөр хувьцаа байхгүй, бизнес эрхэлдэггүй хүн гэсэн байна. Гэтэл энэ хүний тухай цахим орчинд мэдээлэл их байна. Тухайлбал Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв гэж барилгын ажлаа эхлүүлээд дараагаар нь "Шонхор тауэр" болж, эцэст нь Ардчиллын өргөө болсон барилга, Тамир групптай нэр холбогдсон байгаа.

Мөн нийтлэлч Баабар С.Эрдэнэ энэ их мөнгийг нийгмийн даатгалын сангаас завшиж баяжсан гэж хэлсэн байдаг. Тэгэхээр С.Эрдэнийг орлогоо нотлооч гэж байгаа” гэлээ. 

Хөдөлмөрийн үндэсний намынхан хууль хяналтын байгууллагынхантай хамтарч ажиллахаар урьдчилсан байдлаар тохиролцсон аж. Түүнчлэн энэ чиглэлээр тууштай ажиллаж, улстөрчидтэй хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ. 

ХҮН-ын Удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд “Бондын хулгай, 60 тэрбумын хэрэг, үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд маш олон хулгай ил гарахгүй байна. Энэ нь санхүүгийн шинжилгээг системтэйгээр хийж чадахгүй байгаатай холбоотой. Бид үүнийг нь ил болгоно. Тооцооллыг нь бид хийж, энэ талын туршлага бий. Бидний хардаж буйгаар УИХ-ын гишүүдийн 50 орчим хувь нь орлогоо нотлох шаардлагатай. Санхүүгийн гүйлгээ нь мөртэй байдаг” гэсэн юм.