Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Манай улсын 200 километр гаруй талбайн хилийн зурвас хамгаалалтгүй байна"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд газрын тосны компаниуд Монгол Улсын хилийн зурвасыг дамнан хайгуулын ажил хийж буй талаар "Босоо хөх Монгол" ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Босоо хөх Монгол" ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Баяраа "Манай байгууллагын гишүүд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд орших хилийн зурваст нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу саяхан очоод ирлээ.

Очсон даруйд бид Монгол Улсын хилийн хамгаалалтын тор эвдэрсэн байдалтай байсан талаар мэдээлж байсан. Хэдэн жилийн өмнө тус бүс нутагт түймэр гарсны улмаас 200 орчим километр талбайн хилийн хамгаалалт, хашаа эвдэрч, гэмтсэн байсан.

Тухайн үед түймэр гарсны дараа эдгээр хилийн хамгаалалтын торыг янзалж, засах зайлшгүй шаардлагатай байсан тул төр засгаас төсвийг гарган, засварлахыг хүссэн.

Гэвч тэр үеэс хойш одоог хүртэл засварлаагүй байна. Харин Хилийн цэргийн заставынхан нэр бүхий газраас хандив авч, 70 километр зайны торыг татаж, өөрсдөө засварласан байна.

Мөн энэхүү хилийн завсар газарт гадны хөрөнгө оруулалттай "Макс Ойл" ХХК, БНХАУ-ын "Датун" ХХК-тай хамтран хилийн торыг сэтлэн үйл ажиллагаа явуулж байна. Тус компани нь бүтээгдэхүүн хуваах гэрээгээр ажилладаг юм байна" хэмээн мэдээлэв.

 
Гэрэл зургийг: mpa.mn

"Босоо хөх Монгол" ТББ-ын Тэргүүн Г.Ганхуяг "Хилийн бүс нутаг гэдэг нь ойр орчимд буй аймаг, сумын бүс нутгийг хэлж байна. Харин хилийн зурвас бол онцгой бүс бөгөөд хилийн хамгаалалтаас урагш, хойш нийт 15 километрийн зайг хамарч, хүн, мал амьтан ойртохыг хориглодог.

Гэвч "Макс Ойл" ХХК-ийн хайгуулын байгууламж нь энэхүү зурвасын дотор талд байна. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын тал хөрсөн доогуураа хайгуулын ажил гүйцэтгэж, манай улсын газрын баялгийг авч байна гэсэн үг юм” гэлээ.

Босоо хөх Монгол ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Чойпүрэв "Хилийн халдашгүй дархан байдалтай холбоотой асуудал Сүхбаатар болон Дорнод аймгуудад өрнөж байна.

Эдгээр газруудад болж буй асуудлын талаар төрийн гурван өндөрлөг болон холбогдох байгууллагуудад бид хандаж, мэдэгдсэн. "Гэвч бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу ажиллаж байна" гэдэг ганц л хариулт хэлсэн

Үндэсний Аюулгүй байдлын тухай хуулийн 5.19.1-т "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал үндэсний язгуур ашиг сонирхолд харш олон улсын гэрээ хэлэлцээр байгуулахыг хориглоно" хэмээн тусгасан байдаг.

Мөн Хилийн тухай хуулийн 15.1-т "Олон улсын гэрээний дагуу Монгол Улсын хилийн тэмдэг, тэмдэглэгээг газар дээр нь бүрэн бүтэн байлгана" хэмээн тус тус заасан байдаг.

Гэвч эдгээр компанийн үйл ажиллагаа явуулж буй хоёр улсын Засгийн газрын гэрээ гэхээр Монгол Улсын хууль тогтоомжийг уландаа гишгэж, иргэдийг үл тоомсорлож байгаа дүр зураг харагдаж байна. Мөн тус сумын Засаг дарга, удирдлагууд аль хэдийнэ компаниудын ашиг сонирхлын төлөө ажиллаад эхэлсэн тул сумын иргэд бидэнд хандаж, тусламж хүсээд байна” гэсэн юм.

Иймд энэхүү асуудлыг шийдвэрлэхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэхийг хүслээ.