Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Савлагаан дээр үйлдвэрлэсэн хугацааг нь тавиагүй бялуу худалдаалагдаж байжээ

Г.Номин, iKon.mn
2018 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2018 онд нийслэлд хоолны хордлогот халдварын найман удаагийн дэгдэлт гарч, үүнд 223 хүн өртөн өвчилжээ. Дэгдэлтүүдийн дийлэнх нь буюу зургаа нь нийтийн хоолны газар болон зохион байгуулалттай, нийтийг хамарсан арга хэмжээний үеэр гарсан байна.

Тиймээс байгууллага, хамт олныг хамарсан баярын арга хэмжээ зохион байгуулагдаж эхэлсэн ойрын өдрүүдэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу хүнсний чанар, стандарт, мал эмнэлэг, ургамал хамгаалал, хорио цээр, эрүүл ахуй, халдвар хамгаалал, барилгын техник, эрчим хүчний хяналт(цахилгаан, шингэрүүлсэн шатдаг хий)-ын улсын байцаагч нар энэ сарын 3-наас эхлэн нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг дөрвөн чиглэлээр хийж гүйцэтгэжээ.

Уг шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн талаар өнөөдөр нийслэлийн МХГ-аас мэдээлэл хийлээ.

"Бялууны үйлдвэрлэсэн хугацааг тавиагүй бол үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авч болно"
 

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар 85 аж ахуйн нэгж, 47 иргэн буюу худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны нийт 132 газар хамрагджээ.

Энэ талаар НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, ХАА-н хяналтын хэлтсийн дарга Т.Балжинням "Шалгалтын явцад 116 зөрчил илрүүлж, 68 зөрчлийг арилгууллаа. Дөрвөн ААН, дөрвөн иргэнд нийт 4.7 сая төгрөгийн торгууль ногдуулж, барагдуулсан.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид өөр өөр чиглэлээр хяналт шалгалт хийж, зөрчил илэрвэл хууль дүрмийн дагуу арга хэмжээ авдаг. Шалгалтын явцад үйлдвэрлэсэн хугацааг нь тавиагүй байсан бялууг энд авчирч тавьсан байгаа. Зөрчлийн тухай хуулийн дагуу бялуу үйлдвэрлэгчид хариуцлага тооцно. Хуулийн дагуу үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авч болно.

  • Барс, Алтжин, Бөмбөгөр худалдааны төвд худалдаалагдаж байсан хаяг, шошгоны зөрчилтэй 2 төрлийн 6,035 ширхэг, 39,534,000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг буцааж татуулсан.
     
  • Бээжин нэрийн дэлгүүрт зарагдаж байсан, хадгалалтын хугацаа дууссан 22 төрлийн 149 ширхэг, 1,200,000 төгрөгийн бүтээгдэхүүнийг хураан авч, устгалын комисст шилжүүлсэн.
     
  • Хүнсний үйлдвэрлэлд хэрэглэж, хадгалагдаж байсан 9 төрлийн хүнсний будаг, 4 төрлийн чимэглэлийн саа, 3 төрлийн чимэглэлийн үрлэн чихэр, 3 төрлийн 17 кг чанамал, 7 төрлийн 264 кг бялуу, кекний хольц бэлдэц, 1 төрлийн 37 ширхэг шоколад, 2 кг хүнсний концентраци зэрэг нийт 3,391,500 төгрөгийн түүхий эд, бүтээгдэхүүнийг хураасан.

Хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагуудад “Шинэ жилийн баярын үеэр гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай” зөвлөмжийг мөн хүргүүлэн ажиллаж байна" гэлээ.

"Гарал үүсэл нь тодорхойгүй, хугацаа дууссан, хаяг шошгоны зөрчил хамгийн түгээмэл гарч байна"
 
Гэрэл зургийг mpa.mn

Үргэлжлүүлэн Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Шинэ жилийн үеэр ард иргэд маань их хэмжээгээр хоол хүнсээ бэлтгэдэг. Ингэхдээ түргэн мууддаг, тухайлбал салат хийсэн бол хөргүүртэй нөхцөлд хадгалж хэвшмээр байна.

Хоёрдугаарт, бэлэг сонголтын асуудал жил бүр яригддаг. Манайхан хүүхдүүд болон хамт олондоо бэлэг сонгож өгдөг. Сонгосон бэлгэн дотор тань хүсний бүтээгдэхүүн байгаа бол хаяг шошго, хадгалах хугацаа зэргийг заавал харж, шалгаж худалдан аваарай.

Мөн хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнийг гар дээрээс худалдаж авдаг. Үүнээс шалтгаалан хоолны хордлогот халдвар гарахыг үгүйсгэхгүй. Хяналт шалгалтаар явж байхад гарал үүсэл нь тодорхойгүй, хугацаа дууссан, хаяг шошгоны зөрчил хамгийн түгээмэл гарч байна. Эдгээр тохиолдолд газар дээр нь арга хэмжээ авч,  буцаан татах болон устгуулах арга хэмжээ авч байгаа" гэлээ.

Хяналт шалгалт арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлэх тул иргэн Та зөрчлийн мэдээллийг НМХГ, харьяа дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст өөрийн биеэр болон 70128012 дугаарын шуурхай утсанд цаг алдалгүй өгөх боломжтой юм байна.
ФОТО 

Зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнүүд

ЗӨВЛӨМЖ
  1. Стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан орчноос хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хүүхдийн бэлгийг сонгон авахдаа гарал, үүсэл баталгаажилт, хаяг шошго, хадгалалтын хугацаа, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалган авч, сонголтоо зөв хийх;
     
  2. Гудамж талбайд ил задгай болон автомашин дээрээс гарал үүсэл тодорхойгүй, шинжилгээ баталгаажилтгүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байж хоол хүнснээс шалтгаалах хордлого, хордпогот халдварт өвчин гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх;
     
  3. Ресторан зоогийн газрын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд дотоодын эеяналтыг чангатгах, үйл ажиллагаандаа эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг мөрдүүлэх, хоол үйлдвэрлэлийн газрын хүчин чадлыг тооцож хүлээн авалт зохион байгуулах, чанар, аюулгүй байдлын шаардпага хангасан баталгаажилттай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн хэрэглэх, батлагдсан жор технологийн дагуу мэргэжлийн ажилтнаар хоол үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх;
     
  4. Шингэрүүлсэн шатдаг хий /газ/ хэрэглэгч айл, нийтийн хоолны газрууд хийтэй баллоныг ашиглахдаа халаах хэрэгслээс 1.5 метрээс багагүй зайд байрлуулж, аюулгүй байдлаа хангаж ажиллах,
     
  5. Хүйтний улиралтай холбогдуулан халаалтын зуух даралтат савны ажиллагаа эрчимждэг тул гэрийн болоод үйлдвэрийнхээ зуух, даралтат савны ажиллагаанд техникийн магадлал хийлгэж, аюулгүй байдлаа хангаж ажиллахыг зөвлөж байна.