Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн найман жилд цалин 2.7 дахин нэмэгдсэн ч худалдан авах чадвар 53.4%-аар л өсжээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр 2018 оны арваннэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулахдаа цалингийн үзүүлэлтийг онцолсон юм.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаар 2018 оны III улиралд нийт 40,000 ААН, байгууллага(ААНБ)-ын 651,100 ажиллагчид хамрагджээ. Энэ нь өмнөх он болон улиралтай харьцуулахад аль аль нь өссөн үзүүлэлт юм. Тухайлбал, шимтгэл төлж буй ААНБ-ын тоо зөвхөн өмнөх улирлаас 400-гаар өссөн бол ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 44,800, өмнөх улирлаас 14,600-аар тус тус нэмэгдсэн байна. Ажиллагчдын хэдэн хувь нь хэдий хэмжээний цалин авч буйг доорх зургаас харна уу. 

Зураг 1. ААН, байгууллагын ажиллагчид, цалин хөлсний бүлгээр, дүнд эзлэх хувиар (2018 оны III улирлын байдлаар)

 

Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарынхны цалин 26.0% өсөв

ҮСХ-ны судалгаагаар нийт ажиллагчдын дундаж цалин энэ оны III улирлын байдлаар 1,031,840 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 75,900, өмнөх улирлаас 6,200 төгрөгөөр өссөн гэв. Өнгөрсөн оны мөн үеэс ийнхүү өсөхөд цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарт 

  • Ажиллагчдын дундаж цалин 111,300 төгрөг буюу 8.5%, 
  • Мэргэжлийн шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын дундаж цалин 124,700 төгрөг буюу 8.6%
  • Үйлчилгээний бусад үйл ажиллагааны салбарынх 70,500 төгрөг буюу 9.3%
  • Санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарынх 110,000 төгрөг буюу 9.4%
  • Удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарынх 77,200 төгрөг буюу 9.5%
  • Мэдээлэл, холбооны салбарынх 135,600 төгрөг буюу 15.1%
  • Барилгын салбарынх 139,000 төгрөг буюу 15.9%
  • Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарынх 226,000 мянга буюу 26.0% нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх хамгийн өндөр хэвээр буюу 2.4 сая төгрөг байгаа бол урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 631.6 мянган төгрөг байна.

Харин ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2018 оны III улирлын байдлаар 

  • Техникч болон туслах, дэд мэргэжилтний сарын дундаж цалин хамгийн өндөр буюу 1.3 сая 
  • ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 540.7 мянган төгрөг буюу хамгийн бага байна.

Байгууллагын хариуцлагын хэлбэрийн хувьд ямар байгааг доорх зурар харуулж байна. 

Зураг 2. Ажиллагчдын сарын дундаж цалин, байгууллагын хариуцлагын хэлбэрээр, 2018 оны 2018 оны III улирлын байдлаар, мянган төгрөгөөр

 

Ийнхүү ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2010 оны IV улирлаас буюу сүүлийн найман жилд даруй 2.7 дахин нэмэгдсэн ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 53.4 хувиар л нэмэгджээ.

Зураг 3. Бодит цалингийн индекс (2010.IV=100%), улирлаар, хувиар

 

Нэрлэсэн цалин гэж: Хэрэглээний үнийн индексээр засварлагдаагүй, худалдан авах чадварын өөрчлөлтийг илэрхийлдэггүй бөгөөд татвар, суутгал хасагдаагүй цалин, хөлс юм.

Бодит цалин гэж: Нэрлэсэн цалингийн хэрэглээний үнийн индексээр засварлагдсан, худалдан авах чадварын өөрчлөлтийг илэрхийлсэн үзүүлэлт юм.