Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

А.Ундраа: Хэн илүү хийрхсэн нь амжилтад хүрдэг нөхцөлийг үүсгэж байх шиг

Б.Цэнд-Аюуш, Үндэсний шуудан
2018 оны 12 сарын 12
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.

-Сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгох хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Та энэ хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт ажиллаж байгаа. Энэ үүднээс хуулийн төслийн гол ач холбогдол, хэрэгцээ шаардлагын талаар мэдээлэл өгнө үү?

-Энэ хуулийн төслийг Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль гэсэн нэртэйгээр өргөн барьсан. Уг хуулийн төсөл нь сургуулийн насны бүх хүүхдийг шим тэжээлтэй хоол хүнсээр хангах зорилготой. Сургуулийн хүүхдүүдэд чанарын шаардлага хангасан, эрүүл, шим тэжээлтэй хүнс өгөх зайлшгүй шаардлага байдаг. Хүүхдүүд сургууль дээрээ шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэснээр эрүүл өсгөлүүн болохын зэрэгцээ хичээлдээ сайжирна. Энэ үүднээс харахад улсын ирээдүйн хөгжилд маш чухал үүрэгтэй гэж болно.

-Цайг хоол болгохоор санхүүжилт нь нэмэгдэх байх. Улсын төсөвт санхүү-жилтийг нэмэх боломж бий юү?

-Одоогийн байдлаар нэг хүүхдэд 600 төгрөгийн өртөгтэй үдийн цай өгч байгаа. Энэ зардлыг нэмэхгүйгээр цаашид халуун хоолоор үйлчлэх боломжгүй. Нэгдүгээрт, 600 төгрөгөөр баталснаас хойш хүнс, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Одоогийн зах зээлийн үнэтэй уялдуулж, халуун хоолоор үйлчилье гэвэл 600 төгрөг яагаад ч хүрэлцэхгүй.

Тиймээс цаашид төсвийг нь нэмэгдүүлэх шаардлага байгаа. Харин төсвөөс хамаарч хэдэн төгрөгөөр батлахыг одоогоор мэдэхгүй. Нөгөө талаар төсвөөс хамаарч байна гээд дутуу дулимаг нэмж болохгүй.

-Хуулийн төсөлд нэг хүүхдийн хоолны өртгийг хэдэн төгрөгөө тооцож байгаа вэ?

-Хуулийн төслийг боловсруулах үед нэг хүүхдийн хоолны өртгийг 1,800 төгрөг гэж ярьж байсан. Миний бодлоор 1,800 төгрөгөөс нэмэгдэх байх. Яагаад гэвэл, хуулийн төслийг боловсруулснаас хойш хүнс, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Тиймээс хүнсний бүтээгдэхүүний үнэтэй уялдуулах нь зөв.

-Та өнгөрсөн хавар Баяжуулсан хүнсний тухай хуулийг санаачилж батлуулсан. Сурагчдын үдийн хоолонд баяжуулсан хүнс хэрэглүүлэх талаар санал тусгасан байх?

-Хуулийн төсөлд энэ талаарх саналын томьёолол орсон. Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд баяжуулсан хүнс буюу иоджуулсан давс, витаминаар баяжуулсан гурил, Д витаминтай сүү зэргийг өгснөөр өдөрт авах ёстой шим тэжээлийг нь хангалттай өгөх боломжтой. Витаминыг эм бэлдмэлээр хэрэглэдэг ч хоол хүнсэнд агуулагдсан витамин биед илүү шингэдэг гэсэн судалгаа бий.

Дэлхийн улс орнууд бага насны хүүхдийн хоол, шим тэжээлд онцгой анхаарал хандуулдаг. Өөрөөр хэлбэл, бага насны хүүхэд өндөр настан болон жирэмсэн эмэгтэйчүүдэд Д витаминаар баяжуулсан сүү, сүүн бүтээгдэхүүн, баяжуулсан гурилаар хийсэн талх зэргийг хэрэглэхийг хуульдаа тусгасан байдаг.

-Баяжуулсан хүнсээр хоол хийж өгнө гэвэл өртөг нь нэмэгдэх үү. Уг нь Баяжуулсан хүнсний тухай хуулийг батлахдаа баяжуулсан хүнс нь бусад хүнсний бүтээгдэхүүний үнээс ихгүй байна гэж байсан?

-Нэр төрлөөсөө хамаарч өртөг нь тооцоолсноос ч бага байна. Тухайлбал, нэг килограмм гурил 1,000 төгрөгийн үнэтэй гэвэл баяжуулснаар долоон төгрөгийн зардал нэмэгдэж байгаа юм. Ямар нэр төрлийн бүтээгдэхүүнийг баяжуулах ёстой вэ гэдгийг Эрүүл мэндийн яамнаас гаргана. Харин хүнсний бүтээгдэхүүнийг ямар эрдсээр хэрхэн баяжуулах стандартыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцна. Дээр нь мэргэжлийн хяналтын байгууллага хяналт хийнэ. Тэгэхээр Баяжуулсан хүнсний тухай хууль болоод Сургуулийн хүүхдийн хоол хүнсний тухай хууль хэрэгжихэд төрийн байгууллагуудын уялдаа холбоо, ажлын нэгдмэл байдал шаардлагатай.

-Хуулийн төслийг баталбал хэзээнээс хэрэгжүүлж эхлэх вэ. Сурагчдад хоол өгнө гэхээр сургуулиуд стандартын гал тогоотой болохоос эхлээд бэлтгэх ажил их гарах байх?

-Төслөөр ирэх оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн. Одоогоор төрийн байгууллагууд хоорондоо саналын зөрүүтэй байна. Шалтгаан нь худалдан авах ажиллагааны хууль болон тендерийн хууль, орон нутгийн өмчит компани байгуулах эсэх тухай асуудлаас болж саналын зөрүүтэй байгаа. Гэхдээ удахгүй нэгдсэн ойлголтод хүрэх байх. Асуудлыг тал бүрээс нь ярилцаж, зөвшилцөж байж сайн шийдэлд хүрнэ.

-Сургуулийн цайны газруудыг нэг цэстэй болгох уу. Эсвэл цайны газрын цэсээр байх уу?

-Одоогийн нөхцөл байдал нь сургуулийн цайны газруудыг захирал нь үзэмжээрээ нэг компанид түрээслүүлж байгаа. Харин түрээсэлж буй байгууллага нь ямар төрлийн цэс зохиож, ямар хоолоор үйлчлэхээ өөрсдөө шийддэг. Үүнд мэргэжлийн байгууллагуудын хяналт ч сул байдаг. Зарим сургууль нь стандартын гал тогоотой байхад олонх нь хүүхдүүдийн хоолыг саванд хийж ангиар нь тарааж өгч байна. Тиймээс хуулийн төслөөр нэг цэстэй, тогтсон байгууллагаас хүнсний хангамжаа авдаг байхыг хуульчлах юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны зүгээс сурагчдад хоолоор үйлчлэхэд нийслэл, орон нутаг хоёр ялгаатай байхыг хэлж байна.

Хөдөө орон нутагт хүнсний ногоо, жимс, хүнсний бүтээгдэхүүнээ авах процесс нь амар байдаг. Харин хотод хүнсний бүтээгдэхүүний хүргэлт, тээвэр зэргийг зохицуулахад ярвигтай. Тиймээс ажлын дэд хэсгийнхэн Сөүл хотын туршлагыг сайн судалсан. Тэнд 900 гаруй сургуульдаа өдөр бүр хоол хүргэдэг бөгөөд тус хотын Боловсролын газар нь захиалагчаар ажилладаг юм байна. Нэгдсэн стандартын дагуу журамтайгаар зохицуулж байгаа энэ туршлагыг ашиглах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Энэ туршлагыг одоо цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол хүнсний системд ашигладаг. Үүнтэй адил зарчмаар л ажиллана гэсэн үг.

-Ярианы сэдвээ өөрчилье. Олон нийт МАН-ын зөрчлийг дээд цэгтээ хүрлээ гэж харж байна. Саяхан Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцсэн бол одоо нөгөө талаас УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хөндөж байна. Ер нь цаашид намын зөрчил намжих шинж байна уу?

-Би Засгийн газрын үйл ажиллагаа болоод Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой асуудлаар анхнаас нь байр сууриа тодорхой хэлж ирсэн. Хууль бус аргаар өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан асуудлыг анхнаас нь буруутгасан гэхэд болно. Нэгдүгээрт, өндөр хүүтэй мөнгө хүүлсэн байж болзошгүй асуудал нь мөнгө угаах төрлийн гэмт хэргийн шинжтэй байгааг ч хэлсэн. Үүнийг зохих байгууллагууд нь шалгаж байгаа гэж ойлгож байгаа. Прокурорын байгууллагаас асуудлыг шалгаж байгаа гэдгээ хэлсэн. 

Хоёрдугаарт, зээл авсан хүмүүс ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэсэн хүлээлт байна л даа. Ингэх ч ёстой. Харин хариуцлага хүлээж, уучлал гуйж байна гээд “Би зээлээ буцаагаад төлчихсөн. Уучлал гуйж байна" гэж хээв нэг хэлж байгаа нь уучлал гуйж байгаа шинж алга. Буруу хэрэг хийсэн хүн гэмшдэг биз дээ. Гэтэл ямар ч гэмшсэн сэтгэл харагдахгүй байгаа юм. Үүнээс гадна энэ завшааныг ашиглаж бусад сангуудын зардлыг ил тод, олон нийтийн хяналттай болгох шаардлага байна.

Ерөнхий сайдын хувьд хүчирхийллийн асуудалд хувь хүний хандлага нь огт таалагдахгүй байгаа.

Харин Засгийн газар энэ асуудлыг дарж, УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулж байгаад харамсаж байна. УИХ-ын гишүүдийн олонх нь Засгийн газрыг цаашид үйл ажиллагаагаа тогтвортой явуулахыг дэмжсэн. Олонхынхоо шийдвэрийг хүндэтгэж байна. Гэхдээ одоо ажлаа хиймээр байна шүү дээ. Өвөлжилтийн бэлтгэл хийж буй энэ үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам удирдлагагүй байхаар салбарынханд хэцүү байгаа нь ойлгомжтой. Сайдыг нь томилъё гэхээр Засгийн газрын тэргүүн, гишүүд нь орж ирэхгүй юм.

Энэ нь УИХ-ын, хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг санаатайгаар тасалдуулсан гэж харагдаж байна. Хуралдаанд орж ирэхгүй байгаа үндэслэл нь УИХ-ын даргын ч асуудал биш. УИХ-ын даргыг хэн томилох, хэн чөлөөлөх, Үндсэн хуулийн Цэц юу гэж дүгнэх нь хуулийн дагуу байх ёстой. Би бас нэг зүйлд харамсаж байна. Ардчилсан намын туршлагатай парламентчдын нэг, ардчиллын алтан хараацайнуудын нэг Л.Болд гишүүн хүртэл попуудын эгнээнд шилжчихлээ шүү дээ.

-Одоогийн нөхцөл байдлаас харахад цаашид хоёр тал эвлэрэх шинжгүй байна. Тийм үү?

-Намын дотоод зөрчлийг зөвхөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн санхүүжилтийн асуудалтай холбомооргүй байна. Нэг шалтгаан нь боловч, гол асуудал нь биш. Ер нь олон жилийн бухимдал өрнөсөөр одоо задарч байна гэж харж байгаа. МАН зүүн төвийн үзэл баримтлалтай социал демократ, улс төрийн ууган хүчний хувьд үнэхээр үзэл баримтлалынхаа дагуу мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадах эсэх, бодлого тодорхойлогч мөн үү гэдгээ одоо тестэлж байна.

-Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн чуулганы хуралдааны үеэр та Ерөнхий сайдыг эмэгтэй гишүүдийг доромжилсон гэж хэлсэн. Нэлээд гомдолтой байх шиг санагдсан?

-Ерөнхий сайдын хувьд хүчирхийллийн асуудалд хувь хүний хандлага нь огт таалагдахгүй байгаа. Ерөнхийдөө эмэгтэй гишүүдтэй маш бүдүүлгээр харьцсан. Би ингэж хэлсэн гэж давтаж хэлмээргүй үг л хэлсэн гэж ойлгож болно.

-Улс төрийн ууган хүчин, түүхийнхээ ихэнх хугацаанд төрийн эрх барьсан МАН энэ удаа үнэмлэхүй олонх болсон ч эв нэгдэлгүй хагаралдаж байгаад жирийн гишүүний хувьд та харамсах юм уу?

-Тийм. Жирийн гишүүдэд харамсалтай байгаа байх. Хэн илүү чанга хашхирсан нь, хэн илүү хийрхсэн нь амжилтад хүрдэг нөхцөлийг үүсгэж байх шиг. Үнэхээр улс төрийн ууган хүчин юм бол асуудалд буурь зааж, ухаалгаар хандаж, ярилцахаас биш асуудлыг үзэн ядалт болгож хувиргах хэрэггүй. Эндээс хэн ч хожихгүй шүү дээ.

-Өнгөрсөн даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, олонх нь дэмжээгүй гэсэн. Ямар шалтгаанаар дэмжихгүй гэдэг шийдвэр гаргасан юм бэ?

-Гишүүдийн олонх нь алтны нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь хэвээр үлдээхийг дэмжээгүй. Үүнд Засгийн газрын гишүүд байр сууриа нэгтгээгүй гэдэг нь харагдаж байсан.

-Уг нь Засгийн газраас хуулийн төслийг яаралтай дэгээр хуралдах хүсэлт гаргасан биз дээ?

-Тийм.

-Алтны нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь хэвээр үлдээхийн сөрөг болон давуу тал нь юу байна вэ?

-2.5 хувийг хэвээр үлдээснээр алт үйлдвэрлэгчдийн тоо нэмэгдэх, Монголбанкинд тушаах алтны хэмжээ өсөх үндэслэл байж болно. Үүнтэй санал нэг байна. Гэхдээ 2.5 хувийг хэвээр үлдээх үндэслэлээ алтыг хил гаалиар хууль бусаар гаргах, хууль бус наймаа цэцэглэх эрсдэлтэй гэж хэлсэн. Энэ нь нөгөө талдаа хууль хяналтын байгууллага ажлаа сайжруулах шаардлагатай байгааг харуулж байгаа юм. Тиймээс гаалийн байгууллагын ажил болоод тоног төхөөрөмжийг нь сайжруулах шаардлагатай. Нэг чингэлгийг хэдхэн секундийн дотор шалгадаг төхөөрөмж гарчихсан.

Үнэхээр өөр бараа материал дунд нууж гарч байвал илрүүлэхэд технологийн боломж байгаа. Энэ мэт асуудлыг цэгцлэх, хууль бус наймаанд хууль хүчний байгууллагууд оролцсон байна уу, үгүй юү гэдэг дээр Засгийн газар ажиллах хэрэгтэй. Харин хууль бусаар алт гаргах гээд байна гэж хэлээд сууж байгаа нь дэндүү хариуцлагагүй байгааг илтгэнэ.

-УИХ-ыг тараахаар гишүүд гарын үсэг цуглуулж эхэлсэн. Та УИХ-ыг тарах ёстой гэж бодож байна уу?

-Ийм цаг үед УИХ бүр их хариуцлагатай ажиллах ёстой гэж бодож байна. Гэхдээ үнэхээр ажлаа хийж чадахгүй байвал тарааж, дахин сонгууль явуулахад болохгүй зүйлгүй.

-УИХ тарах нь үлгэр л гэж бодоод байна л даа. Хэрвээ дахин сонгууль явуулбал зардал мөнгөнөөс эхлээд улс оронд хүндрэл үүсэх биш үү?

-Улс орон хүнд байдалд орно л доо. Санхүүгийн ч асуудал тулгарна. УИХ арай ч тарахдаа хүрэхгүй байх. Гэхдээ одоо мэдэхгүй байна. Нөхцөл байдал хэцүү байна шүү дээ.

Зураг