Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

1901 оны хядлагын билэгдэл болсон хонхнуудыг АНУ-аас Филиппинд буцааж өглөө

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Зуу гаруй жилийн өмнө АНУ-ын цэргүүд ялалтын билэгдэл болгон олзолж авсан сүмийн хонхнуудыг өнөөдөр Филиппинд буцааж өглөө.

Сүүлийн 20 гаруй жилийн турш Филиппинчүүд Балангига хотын католик сүмийн гурван хонхыг буцааж өгөхийг Вашингтоноос шаардаж байсан нь ийнхүү биелж байна.

Америкийн цэргийн нисэх онгоц хонхнуудыг өнөөдөр Манила хотод буулгаж, АНУ, Филиппиний албаныхан хүлээж авах ёслолд оролцжээ.

1901 оны есдүгээр сарын 28-ны өдөр Балангига хотын төвд мачетаар (газар тариаланд ашигладаг урт хутга) зэвсэглэсэн филиппиний хувьсгалчид гэнэт довтолж, АНУ-ын 48 цэргийн амийг хөнөөж байв.

Үүний хариуд АНУ-ын командлагч Жэкоб Смит тус хотын оршдог Самар арлын 10-аас дээш насны эрчүүдийг бүгдийг хядах тушаал өгсөн юм.

Үр дүнд нь олон мянган филиппин хүний амь үрэгдэж, Америк цэргүүд ялалтын билэгдэл болгон католик сүмийн гурван хонхыг авч явжээ.

Гурван хонхны хоёр нь АНУ-ын Виоминг дэхь агаарын баазад үзмэр болсон бол нэг нь Өмнөд Солонгост хадгалагдаж байсан юм.

 

Хонхнуудыг Филиппинд буцааж өгөхийг АНУ-ын зарим улс төрчид, ахмад дайчид эсэргүүцэж байв. Тэд хонхнуудыг амь үрэгдсэн Америк цэргүүдийн дурсгал гэж үзэж байлаа.

Гэвч албаныхан эдгээрийг буцааж өгснөөр цэрэг арми, соёл урлаг, худалдааны гээд олон салбарт түншийн харилцаатай хоёр орны өнгөрсөн түүхийн эмгэнэлт дурсамжийг цайруулахад нэмэр болно гэж үзсэн юм.

1990-ээд оноос эхлэн Филиппиний ерөнхийлөгч, католик сүм хийдийн зүтгэлтнүүд, түүхчид хонхнуудыг буцааж авах хүсэлтээ илэрхийлж эхэлжээ.

Одоогийн ерөнхийлөгч, 73 настай Родриго Дутертэ 2017 онд үг хэлэхдээ Вашингтонд хандан “Балангига хонхнуудыг маань буцааж өг. Тэд бол танай өмч биш” хэмээн шаардаж байв.

Тэрээр 2016 онд ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш өөрийн хуучин колоничлогч АНУ-тай таагүй харилцаа үүсгэж, Хятадтай ойртох бодлого барьж байгаа.

Гэхдээ хонхнуудыг буцааж өгсөн явдал Дутертэгийн гавьяа биш, харин АНУ-ын ахмад дайчдын холбоодын дэмжлэг эцсийн шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлсэн гэгдэж байна. 

Тухайлбал ахмад дайчдын хамгийн том байгууллага болох “Хилийн чанадын дайны ахмад дайчид” байгууллага удтал эсэргүүцэж байсны эцэст өнгөрсөн зун байр сууринаасаа ухарч, хонхнуудыг Филиппинд буцааж өгөхийг дэмжсэн юм.

 

Эх сурвалж: AFP