Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Исланд уулчдын цогцсыг 30 жилийн дараа Хималайн уулнаас олжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Сураггүй болсон исланд уулчид

1988 оны аравдугаар сарын 18-ны өдөр Европоос ирсэн хоёр залуу Төвөд-Балбын хил дээр оршдог Пумори уулын оргилд гарахаар яваад сураггүй болсон юм. Пумори нь далайн түвшнээс дээш 6,600 орчим метр өргөгдсөн ноён оргил.

Тэд уг нь гурвуул авирах төлөвлөгөөтэй байсан ч Шотланд залуу Стив Эйстхорпийн бие нь өвдсөн тул эмчийн зөвлөснөөр үлдэж, Исландаас ирсэн Кристин Рунарссон, Торстейн Гудёнссон хоёр цааш явжээ.

Тухайн үед 27 настай байсан хоёр уулчин энэ аялалаас буцаж ирээгүй юм.

Үлдэж хоцорсон Эйстхорп хоёр долоо хоногийн турш найзуудаа хайгаад ололгүй буцжээ.

 
Стив Эйстхорп өнөөдөр

Тэгвэл сураггүй болсон уулчдын цогцсыг өнгөрсөн сард АНУ-ын хэсэг уулчид мөнх цасны ирмэгээс олсон байна. Уулчдын цогцсыг Балбын нийслэл Катмандуд хүргэж, чандарлах ажиллагааг зохион байгуулсан юм. Тэдний чандрыг эх орон Исландад нь нутаглуулахаар төрөл төрөгсөд нь хүлээн авжээ. Уулчдын нэг Рунарссоны эхнэр тухайн үед бие давхар байсан бөгөөд 30 настай хүү нь Катмандуд ирсэн байна.

Чандарлах ажиллагаанд 30 жилийн өмнө тэдэнтэй хамт Хималайг зорьсон, одоо 55 настай Эйстхорп бас оролцсон юм. Уулчдын ачаанаас хальсны фото камер олдсоныг тэр сэргээлгэхээр Австрали руу явуулжээ.

Найзуудад нь юу тохиолдсон болохыг эндээс илрүүлж чадна гэж ноён Эйстхорп найдаж байна. Уулчдаас үлдсэн эд зүйлсийг шинжилж үзсэнийхээ дараа тэр Исланд дахь төрөл төрөгсөдтэй нь уулзаж, эмгэнэлт явдлын талаар олж мэдсэнээ хуваалцахаар төлөвлөжээ.

 

Эх сурвалж: The Guardian