Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Керчийн хоолой дахь Украины өдөөн хатгалгын тухай

ikon.mn
2018 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлж байна. 


2018 оны 11-р сарын 25-нд Украины цэргийн гурван усан онгоц Оросын Холбооны Улсын хилийн журмыг Керчийн хоолойн орчимд зөрчих гэж оролдсон билээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэхүү үйл явдлыг Украины тал санаатай үйлдсэн өдөөн хатгалга хэмээн нэрлэсэн. Украины усан цэргүүд улсын хил давах хууль журмыг мөрдөөгүй, хилийн боомтоос ирсэн хүсэлтэд хариу өгөөгүй, харин Оросын нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүнд багтах тэнгисийн усанд шууд нэвтрэв. Оросын ерөнхийлөгч Украйны усан онгоцнуудыг албадан саатуулсан хилчдийнхээ үйл ажиллагааг хууль ёсны хэмээн үнэлж, Украйны тэнгисийн флот нь Азовын тэнгис рүү энэ оны 9-р сард хууль дүрмийн дагуу нэвтрэн орж байсан учир дүрэм журмыг маш сайн мэдэж байгаа хэмээн онцлон тэмдэглэсэн.

Эдгээр үйл явдлын дараа Барууны төлөөлөгчид ОХУ-ын буруугаас болж Aзовын тэнгис дэх нөхцөл байдал хурцадлаа хэмээн нэгэн дуугаар ярих болсон нь анхаарал татаж байна.  Үүнтэй холбогдуулан 11-р сарын 30-наас 12-р сарын 1-ний хооронд Аргентинд зохион байгуулагдсан «Их 20»-ийн чуулга уулзалтын үеэр Владимир Путин барууны удирдагчид, сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Украины эрх баригчид Азовын тэнгис дэх өдөөн хатгалгаагаа урьдчилан бэлдэж явуулсан гэдгийг баримттайгаар тайлбарлажээ.

Энэ нь саатуулагдсан Украины усан онгоцнууд дээр олдсон баримт бичгүүд, үүн дотор усан онгоцны дэвтэр дэх ОХУ-ын хилийг зөрчих даалгаврыг тодорхой зааварчилсан бичлэгүүд зэргээр нотлогдож байгаа юм. Эдгээр мэдээллийг Украины усан цэргүүд байцаалтын үеэр баталсан болно.

Нөхцөл байдлыг өөрийнхөөрөө тайлбарлах гэж удаа дараа оролдож буй Барууны болон Украины түншүүддээ дахин сануулахад, 2014 онд Бүгд Найрамдах Крым Улс болон Севастополь хот нь Оросын Холбооны Улсын бүрэлдэхүүнд бүх ард түмний хууль ёсны санал асуулгын үр дүнд нэгдэн орсон байдаг. Энэ үеэс эхлэн эдгээр нутаг дэвсгэр нь Оросын салшгүй хэсэг болж, улмаар манай улс Крымын хойгийн орчим дахь далайн бүсэд өөрийн орны тусгаар тогтнол, бүрэн эрхээ хэрэгжүүлэх болсон билээ. 2014 оны 3-р сараас эхлэн ОХУ нь Керчийн хоолойн эрэг дагуу цорын ганц улс бөгөөд 2003 онд байгуулагдсан Азовын тэнгис болон Керчийн хоолойг хамтран ашиглах тухай Орос-Украины гэрээгээр хүлээсэн үүргээ харгалзан өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа билээ.

Сүүлийн үед Барууны улсууд Керчийн хоолойг «олон улсын статустай» хэмээн олон улсын хамтын нийгэмлэгийг төөрөлдүүлэх болсон. Энэхүү хоолой нь ОХУ болон Украины эх газрын усан зай болох Азовын тэнгис рүү цутгадаг учир 1982 оны Далай тэнгисийн тухай НҮБ-ын конвенцын дагуу Керчийн хоолой хэзээ ч олон улсын статустай байгаагүй ба ирээдүйд ч ийм статустай болох боломжгүй гэдгийг Оросын Холбооны Улс нэг бус удаа мэдэгдэж байв. Тиймээс олон улсын усаар хөлөг онгоц дамжин өнгөрөх тухай эрх зүйн хэм хэмжээнүүд нь Керчийн хоолойд хамаагүй юм. Үүний хажуугаар Орос Улс нь бусад улс орнуудын адил өөрийн нутаг дэвсгэр дээрээ хил, гааль, цагаачлал, хорио цээрийн хяналтын тухай хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, тээвэр болон эдийн засгийн дэд бүтцийг хангах, байгаль орчныг хамгаалах зэрэг арга хэмжээнүүдийг авах бүрэн эрхтэй юм.

Керчийн хоолойд болсон үйл явдлаар далимдуулан Украины Ерөнхийлөгч Пётр Порошенко улс орныхоо 10 бүс нутагт байлдааны бэлэн байдал зарлав. Киевийн дэглэм болон П.А.Порошенко ямар төлөвлөгөөтэй байгаа нь хэнд ч ойлгомжтой байна. Нэгдүгээрт, тэрээр Оросын эсрэг чиглэгдсэн шинэ давалгааг ашиглан сонгогчдын дунд оноо авч, өөрийн унаж буй нэр хүндийг сэргээхээр оролдож байна. Мөн түүнчлэн «Оросын түрэмгийлэл» хэмээх үзэгдэлд сөрөн зогсож буйгаар шалтаглан Украины иргэдийн Үндсэн хуулиар хамгаалагдсан үндсэн эрх, эрх чөлөөг хатуу хязгаарлан, хүний үг хэлэх, цуглаан, хөдөлгөөн өрнүүлэх, чөлөөтэй зорчих эрхийг хориглохоор зорьж байна. Ингэснээр Киевийн эрх баригчид нь хүссэн болгоноо ард түмнээс булаан авах эрхтэй болж байгаа бөгөөд үүнд хувийн өмчөөс эхлэн баримт бичгийг оруулан юу ч байж болох юм. Украины хууль хүчнийхэн шүүх, мөрдөн байцаалтгүйгээр хүч хэрэглэх өргөн эрх мэдлээр хангагдаж байгаа буюу ингэх нь улс орон даяар иргэний мөргөлдөөнд хүргэх эрсдэлтэй байдаг.

Байлдааны бэлэн байдлыг гол төлөв орос хэлээр ярьдаг ард иргэд оршин суудаг нутаг дэвсгэрүүдэд зарласан нь анхаарал татаж байгаа бөгөөд олон нийтийн санал асуулгын үр дүнгээр эдгээр ард иргэд нь одоогийн эрх баригчдын үйл ажиллагааг дэмждэггүй нь анзаарагддаг.

Украинд болж байгаа үйл явдлыг бид нөхцөл байдал хүчирхийллийн замаар өрнөж буйн түгшүүрт дохио хэмээн дүгнэнэ. ОХУ нь НҮБ, ЕАБХАБ, Европын Зөвлөл болон олон улсын бусад байгууллагуудыг Украинд хүний эрх, эрх чөлөө боомилогдож, нөхцөл байдал гутрангуй болж, харин төр засаг нь асуудлыг хүчээр шийдэх гэж заналхийлж байгааг анхаарна уу хэмээн уриалж байна. Украйны Ерөнхийлөгч П.А.Порошенко нь эрх мэдэлдээ шунан, төр засгийн оргилд үлдэхийн тулд улс орноо ээлжит ер бусын явдалд татан оруулж, энэхүү ажиллагаа нь Украины болон Европын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх магадлалтай хэмээн барууны чиглүүлэгчдийн анхаарлыг хандуулж байна.

 

Эх сурвалж: Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яам