Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын хоёр бөмбөгдөгч онгоц Венесуэльд газарджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр ОХУ-ын батлан хамгаалах яам тус улсын зэвсэгт хүчний цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай, стратегийн бөмбөгдөгч хоёр нисэх онгоцыг Венесуэльд газардсан тухай мэдээлжээ.

Өмнөд Америк тивд Оросын цэрэг зэвсэг хүрч байрлана гэдэг ховор үзэгдэл юм.

Өчигдөр буюу Даваа гарагт Ту-160 загварын бөмбөгдөгч онгоцнууд нийслэл Каракасын ойролцоох нисэх буудалд газарджээ. Батлан хамгаалах яамны мэдэгдэлд тэдгээрийн зорилго, зэвсэг тээвэрлэж яваа эсэхийг дурдаагүй байна.

Хэдхэн хоногийн өмнө Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро Москвад айлчилж, улсынх нь эдийн засагт тусламж үзүүлэх боломжийн талаар Кремлийн эзэдтэй хэлэлцээр хийсэн юм. 

Сүүлийн жилүүдэд Венесуэль улсын засгийн газар Оросоос олон сая долларын зэвсэг техник худалдаж аваад байгаа. Каракасын нисэх буудалд болсон арга хэмжээний үеэр Венесуэлийн батлан хамгаалахын сайд Владимир Падрино ОХУ-ын 100 орчим нисгэгчийг хүндэтгэлтэйгээр угтаж авсан байна.

Уг арга хэмжээ нь “Венесуэлийн газар шорооноос нэг алхмыг ч алдахгүйн төлөө тэмцэхэд бид бэлэн байгааг харууллаа” хэмээн генерал Падрино хэвлэлд мэдэгджээ.

NATO-гийн нэршлээр Blackjacks гэдэг Ту-160 нь дууны хурднаас хоёр дахин хурдтай, цөмийн болон уламжлалт зэвсэг тээвэрлэх чадвартай нисэх онгоц юм.

Хэд хэдэн ийм онгоц Сири дэх ОХУ-ын цэргийн ажиллагаанд оролцож, агаар ангиллын Х-101 далавчит пуужингаар дайсны талд цохилт өгч байжээ.

Хамгийн сүүлд таван жилийн өмнө Ту-160 нисэх онгоц Венесуэльд ирж байсныг хэвлэлүүд мэдээлсэн байна. Түүнээс өмнө 2008 онд Орос-Гүржийн мөргөлдөөний үеэр ийм бөмбөгдөгч онгоцнууд болон тэнгисийн хөлгүүд Латин Америкийн энэ оронд ирж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press