Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Эммануэл Макрон Франц улсад “эдийн засгийн онц байдал” зарлалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Бараг сар орчим хугацаанд үргэлжилж буй “шар хантаазтан” иргэдийн тэмцлийн үр дүнд Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өчигдөр буюу Даваа гарагт анх удаа ард түмэндээ хандаж үг хэллээ.

Тэрээр улс орондоо “эдийн засгийн онц байдал” зарлаж байгааг хэлээд иргэдийн амжиргааны стандартыг дээшлүүлэх хэд хэдэн арга хэмжээ авах тухай мэдэгджээ.

“Өнөөдөр би улс орондоо эдийн засгийн онц байдал зарлаж байна. Энэ нөхцөл байдлыг бид хүлээж авахаас өөр арга байхгүй” гэж хэлсэн Макрон улс орныхоо эдийн засгийг аврахад дэмжлэг үзүүлэхийг ард иргэдэдээ уриалсан байна.

Францын ерөнхийлөгч иргэдэд нь “бухимдлаа илэрхийлэх эрх” байх ёстойг хүлээн зөвшөөрсөн ч “Уур хилэн, хүчирхийллийг зөвтгөх ямар ч арга байхгүй” гэж анхааруулжээ.

Макрон 2019 оны тавдугаар сараас эхлэн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 еврогоор өсгөж байгаагаа мэдэгдээд илүү цагийн хөдөлмөрийн хөлсөөс татвар авахаа болихыг амласан байна.

Бас сард 2,000 еврогоос бага орлоготой иргэдийг татвараас хөнгөлөх арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа зарлажээ.

Мөн баян чинээлэг хүмүүст үйлчилдэг гэх Эммануэл Макрон нийгмийн өндөр орлоготой хэсгээс авдаг татварыг нэмэгдүүлэх механизм боловсруулж танилцуулахыг ерөнхий сайдад даалгасан байна.

Уг нь 1.3 сая еврогоос дээш хөрөнгөтэй Францын гэр бүлүүдээс нэмэлт татвар авах хуулийг 2017 онд танилцуулах гэж байсныг тухайн үед Макрон зогсоож байв.

Үүнээс болоод сөрөг хүчнийхэн Макроныг “баячуудын ерөнхийлөгч” хэмээн хочилж байжээ. Гэхдээ өчигдөр үг хэлэхдээ тэр хүн амын хөрөнгөтэй хэсгийг хамгаалдаг үзэл бодлоо дахин илэрхийлж, ийм татвар Францын эдийн засагт нэмэр болох эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Эммануэл Макрон бас эдийн засгийн нөхцөл байдал доройтсоныг өмнөх удирдагчдын буруутай бодлогын үр дүн гэж хэлжээ. Түүний үзэж байгаагаар Францын нийгэмд сүүлийн 40 орчим жилийн хугацаанд баян хоосны ялгаа эрчимтэй нэмэгдсэн нь ийм үр дүнд хүргэсэн бөгөөд “уг алдаа завхарлыг хэдхэн жилийн дотор засварлах боломжгүй” гэж өөрийгөө хамгаалсан байна.

Макроны 13 минут үргэлжилсэн мэдэгдэл иргэдийн бухимдлыг намжаах эсэх нь эргэлзээтэй байна. Түүнийг мөнгө цацах, гал унтраах арга хэмжээнүүдийг зарласан ч эдийн засгийн шинэчлэл реформын талаар ганц ч үг унагасангүй гэж иргэд сошиал орчинд шүүмжилцгээжээ.

Макроны мэдэгдэл нийгэмд ямар нөлөө үзүүлэхийг ойрын өдрүүдэд болох үйл явдлууд харуулах нь тодорхой.

 

Эх сурвалж: Russia Today