Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын цагдаагийн албан хаагч асан 56 хүний амийг хөнөөсөн нь батлагдаж, бүх насаар хорих ялаар дахин шийтгүүллээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Нийт 22 эмэгтэйн амийг хөнөөсөн хэрэгтээ бүх насаар хорих ял эдэлж байсан гэмт этгээдийн хохирогчийн тоо нэмэгдэж, 56 хүрсэн байна.

Өнөөдөр буюу Даваа гарагт ОХУ-ын Сибирийн Эрхүү хотын шүүх цагдаагийн албан хаагч асан Михайл Попков “1992-2007 оны хооронд нийт 56 хүний амь хөнөөсөн” болохыг тогтоож, хоёр дахь удаагаа бүх насаар хорих ял оноожээ.

Хохирогчдын 10-ыг нь хүчиндсэн болохыг тогтоосон прокурорууд Попковыг “хүний амь хөнөөх сэтгэцийн гаж донтой” гэж тодорхойлсон байна.

Михайл Попков 2015 онд 22 эмэгтэйн амийг бүрэлгэсэн хэргээр шийтгэгдэж байв. Сүүлд түүний хохирогсдын тоо 59 хүрсэн ч гурвынх нь аллагын талаар хангалттай баримт байхгүй гэж үзээд шүүх өнөөдөр 56 хохирогчтой болгон бууруулжээ.

Гэмт хэрэгтэн Ангарск хотод орой үдшийн цагаар машинтай зорчиж явахдаа хохирогчоо олж, хүргэж өгөх санал тавьдаг байсан юм. Тэр заримдаа цагдаагийн машин ашиглан гэмт хэрэг үйлддэг байжээ.

Попковын цуврал аллагын хохирогчийн тоо хуучин ЗХУ болон өнөөдрийн ОХУ-ын бүх дуулиант хүн амины хэргүүдийн хохирогчдын тооноос даваад байна.

2007 онд бүх насаар хорих ял сонссон Александр Пичушкин 48 хүний амь бүрэлгэж байсан бол ЗХУ-ын үеийн дуулиант алуурчин Андрей Чикатило 52 хүний амийг бүрэлгэж байжээ.

 

Эх сурвалж: AFP