Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Гэрэлмаа: Олон Улсын өвчтөний аюулгүй байдлын зорилт Сонгдо эмнэлэгт бүрэн хэрэгжиж эхэлсэн

А.Намуун, iKon.mn
2018 оны 12 сарын 11
СОНГДО зөвлөж байна
Зураг зураг

Эмнэлгийн үйл ажиллагаанд өвчтөний аюулгүй байдал хамгаас чухал. Тиймээс Сонгдо эмнэлэг өвчтөний аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажилладаг талаар тус эмнэлгийн тэргүүлэх зэргийн анестезиолог, перфузиолог, АУ-ны Докторант Б.Гэрэлмаатай ярилцлаа.

-Сонгдо эмнэлгийн чанарын алба нь ямар үүрэгтэй ажилладаг вэ?

-Манай эмнэлгийн чанарын алба нь 2015 онд байгуулагдсан. Бидний гол зорилго бол эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй, хүртээмжтэй хүргэх, чанарыг сайжруулах арга хэрэгслүүдийг ашиглан, чанарыг тогтмол сайжруулах явдал юм. УБ Сонгдо эмнэлгийн чанарын алба нь Өвчтөний аюулгүй байдалд гол анхаарлаа хандуулж ажилладаг. 

-Танай алба Олон Улсын өвчтөний аюулгүй байдлын зорилт хэрэгжүүлж эхэлсэн гэсэн. Энэ зорилтын талаар мэдээлэл өгөөч.

-Сонгдо эмнэлэг нь 2014 оноос хойш Олон Улсын өвчтөний аюулгүй байдлын зорилтыг хангах зорилго тавьж, үе шаттайгаар хэрэгжүүлж ажиллаж байна. 

Эмнэлэг бол аюултай орчин. Иймээс эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой өвчтөнд үүсэх аюул, хор хөнөөлийг бууруулахын тулд өвчтөний аюулгүй байдлын зорилт дэвшүүлсэн байдаг. ДЭМБ-аас эмнэлгүүд анхаарч ажиллах ёстой урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг өгдөг. Манай эмнэлэг ДЭМБ-аас гарсан тэр зөвлөмжүүдийг үйл ажиллагаандаа удиртгал болгон ашигладаг. Олон улсад өвчтөний аюулгүй байдлын 6 зорилт байдаг. Манай эмнэлгийн хувьд одоогийн байдлаар 6 зорилтоо бүгдийг нь хэрэгжүүлээд эхэлсэн байна.

-Яг ямар 6 зорилт хэрэгжүүлж байна вэ?

-Бид 2014 оноос хойш үе шаттайгаар зорилт тус бүр дээр журам боловсруулж, үйл ажиллагааг нь нэвтрүүлж ажиллаж байсан. Ингэсээр энэ жил олон улсын өвчтөний 6 зорилтыг бүгдийг нь хэрэгжүүлж эхлээд байна. 

Үүнд:

  1. Өвчтөнг үнэн зөв ялган таних
  2. Үр дүнтэй харилцааг сайжруулах
  3. Эмийн аюулгүй байдлыг сайжруулах
  4. Мэс заслын аюулгүй байдлыг хангах
  5. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын эрсдэлийг бууруулах
  6. Өвчтөний уналтаас шалтгаалсан гэмтлийн эрсдэлийг бууруулах зэрэг орно.
 

Тухайлбал, өвчтөнг үнэн зөв ялган таних гэсэн зорилт нь өвчтөн андуурахгүй байх, сорьц солигдох, буруу хариу олгох, буруу шинжилгээ хийх зэрэг эрсдэлээс сэргийлнэ. Энэ хүрээнд өвчтөнг эмнэлэгт анх ирэхээс авахуулаад бүх үе шатанд нь овог нэр, төрсөн он сар өдөр, өвчтөний код зэргийг нь лавлан асууж, ялган таньдаг. Энэхүү журам нь манай эмнэлэгт хэрэгжиж эхлээд 2 жил болж байна.

Харин үр дүнтэй харилцааг сайжруулах зорилтын хүрээнд 3 журам хэрэгжиж байна. Тэдгээр журмууд хэрэгжсэнээр тусламж, үйлчилгээг эмчийн захиалгын дагуу, зохих баримт бичгээр тулган шалгаж гүйцэтгээгүй байх, Шинжилгээний ноцтой хариуг мэдээлээгүй, хариуг мэдээлэхэд цаг хугацаа алдсан, өвчтөн хүлээлцээгүй байх зэрэг аюул эрсдэлээс сэргийлнэ. 

Энэ мэтчилэн бид 6 зорилтынхоо хүрээнд тус бүрд нь журам хэрэгжүүлж, эмч ажилчдадаа танилцуулж, сургалт явуулж, өвчтөний аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллахыг зорьж байна. Нэг ёсондоо өвчтөний аюулгүй байдлын журам манай эмнэлэгт бүрэн утгаараа хэрэгжиж эхэлсэн. Цаашдын бидний хамгийн том зорилго бол Олон Улсын магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг болох юм.

-Танай эмнэлгийн хувьд дээрх 6 зорилтоос аль нь хамгийн сайн хэрэгжиж байна вэ?

-Өвчтөний уналтаас шалтгаалсан гэмтлийн эрсдэлийг бууруулах, эмийн аюулгүй байдлыг сайжруулах, өвчтөнг үнэн зөв ялган таних гэсэн гурван зорилт хамгийн сайн хэрэгжиж байна.

-Аюулгүй байдлын зорилт хэрэгжээд эхэлчихсэн гэж байна. Тэгвэл зорилтуудыг хэрхэн хангаж ажиллаж байгааг та бүхэн хэрхэн хянаж байгаа вэ?

-Олон улсын өвчтөний аюулгүй байдлын 6 зорилтын хүрээнд шинээр батлагдсан журмуудаа хэрэгжүүлэх үүднээс бид эмнэлгийн бүх ажилчдаас шалгалт авч байгаа. 

Бид одоо бүх зорилтоо хэрэгжүүлээд эхэлчихсэн учраас хянах хэрэгтэй. Тиймээс эмнэлгийн ажилчдын дунд аян зарлаж, зорилтуудыг хамгийн сайн хэрэгжүүлж байгаа тасаг нэгжийг урамшуулахаар болсон. Тасаг нэгжүүдийн чанарын багууд хяналт тавьж ажиллаж байгаа. Ингээд энэ аяны хамгийн эхний ялагчаар Дүрс оношилгооны тасаг тодорсон. Бүх зорилтыг хамгийн сайн биелүүлж байгаа нь харагдсан. Мөн дээрх журмуудаа хамгийн сайн мэддэг ажилтнаар Дүрс оношилгооны тасгийн техникч Д. Оюундулам шалгараад байна.

Цаашид 2019 онд бид чанарыг үнэлж, хэмжиж, хянах ажлуудыг сайн зохион байгуулах болно.

 

 

Зураг