Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон ард түмэндээ хандаж үг хэлнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Парис болон Францын бусад хотуудад өрнөж буй “шар хантаазтан” иргэдийн бослого тэмцэлтэй холбогдуулан тус улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон өнөөдөр орой телевизээр ард иргэддээ хандаж үг хэлнэ.

Франц даяар бараг сар орчим хугацаанд үргэлжилж буй тэмцэл нь эхэндээ шатахууны татварыг нэмэхийн эсрэг байсан бол сүүлдээ амьжиргааны өртөг нэмэгдэж байгааг зогсоохын төлөө болж хувирсан юм.

Өнгөрсөн Бямба гарагт орон даяар шар хантаазтангуудын тэмцлийн ээлжит оргил үе тохиосон бөгөөд нийт 136,000 орчим иргэн гудамжинд гарч, 1,200 гаруй хүн баривчлагдсан байна.

Нийслэл Парис хот хамгийн их хохирол амсаж, барилгын цонхнууд хагарч, автомашинууд шатаж, дэлгүүрүүд тоногдсон юм. Парист нийт 10,000 орчим хүн жагссан байна.

Сангийн сайд Бруно Ле Мэйр нөхцөл байдлыг “бизнес, эдийн засгийн сүйрэл” гэж тодорхойлжээ.

Ерөнхийлөгч Макрон өнөөдөр өглөө 10:00 цагт тус улсын гол таван үйлдвэрчний эвлэл, гурван том ажлын байр зуучлалын байгууллагын төлөөлөл болон орон нутгийн албан хаагчидтай уулзана.

Энэхүү уулзалтад Францын ерөнхий сайд Эдуард Филипп, засгийн газрын есөн сайд оролцохоор болжээ.

Тэмцлийн турш Макрон хөшигний ард байж, шууд мэдэгдэл хийхээс зайлсхийж байсан бол шар хантаазтан тэмцэгчид түүнийг огцрохыг шаардаж байсан юм.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр Францын засгийн газар шатахууны татварыг нэмэх хугацаагаа зургаан сараар хойшлуулах шийдвэр зарласан ч тэмцэл зогсоогүй.

Францад дизель түлшний үнэ сүүлийн 12 сарын хугацаанд 23 хувиар өсөөд байгаа. Эммануэл Макроны шийдвэрээр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дизель түлшний татварыг 6.5 хувиар, бензиний татварыг 2.9 хувиар өсгөхөөр болсон юм.

Шатахууны татварыг нэмсэн нь сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой байв. Гэвч энэ шийдвэр ард иргэдийн тэсвэр тэвчээрийг барж, гудамжинд гарч тэмцэхэд хүргэсэн юм.

Саяхны санал асуулгаар францчуудын 66 хувь шар хантаазтан иргэдийн тэмцлийг дэмжиж байгаа бол Эммануэл Макроны үнэлгээ 23 хувь болж буураад байгаа нь харагджээ.

Өнөөдрийн шуурхай хуралдаанаас гаргасан шийдвэрээ Макрон 20:00 цагт телевизийн сувгаар иргэдэд хандаж үг хэлэхдээ зарлахаар төлөвлөөд байна.

 

Эх сурвалж: BBC