Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн тэргүүн баяны охины хуриманд Хиллари Клинтон, Бейонсэ нар уригдаж ирээд байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Зүүн гараас Иша Амбани, Хиллари Клинтон, сүйт бүсгүйн ээж Нита Амбани

Өнгөрсөн амралтын өдрүүдэд олон арван хувийн онгоц Энэтхэгийн Ражастан мужийн Удайпур хотод газардсан нь тус улсын тэргүүн баяны охины хуриманд зочноор ирэгсдийн унаа байлаа.

Энэ долоо хоногийн Лхагва гарагт болох томоохон хуримын өмнөх ёслолууд өнөөдөр үргэлжилж байгаа юм. Форбс сэтгүүлийн тодорхойлсноор Энэтхэгийн хамгийн баян эрхэм, Reliance Industries группын тэргүүн Мукеш Амбанигийн 27 настай охин Иша Амбани 33 настай Ананд Пирамалтай гэрлэх гэж байна.

Иша Амбани 2014 онд Йелийн их сургуулийг төгсөөд эцгийнхээ бизнесийн вант улсын хоёр компанийн төлөөлөн удирдах зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаа юм.

Хуримын зочноор АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон ирээд байгаагаас гадна Бейонсэ, Арианна Хаффингтон, Жэймс Мурдок, Приянка Чопра зэрэг алдартнууд ирэхээр болжээ. Клинтоны болон Амбанигийн гэр бүлүүд 18 орчим жилийн өмнөөс ойр дотно хэлхээ холбоотой болсон гэдэг.

 
Бейонсэ хуримын бэлтгэлд

Хосуудын сүй тавих ёслол есдүгээр сард Италийн Комо нуурын эрэг дээрх Вилла Д’эсте тансаг зочид буудалд болоход 600 гаруй зочин оролцсон бөгөөд Америкийн нэрт дуучин, хөгжимчин Жон Леженд тоглолтоо зориулж байв.

Олон сая ядуустай Энэтхэг орон даяар иргэд нь цуутай том хуримыг тойрсон үйл явдлуудыг анхааралтай ажиглаж байна.

 

Эх сурвалж: The Guardian