Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд корпорэйт филантропи хэрэгтэй юу?

ikon.mn
2018 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Билл ба Мелинда Гейтсийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, GAVI вакцинжуулалтын төлөөх нийгэмлэгийн хамтран бүтээсэн вакцин тээвэрлэх зориулалттай явуулын хөргөгч

Сүүлийн жилүүдэд олон улс оронд үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд корпорэйт филантропи (КФ) төсөл хэрэгжүүлэх сонирхол ихээр нэмэгдэх болсон. Дэлхий нийтэд тулгамдаж буй олон асуудалд цэг тавихад корпорэйт филантропи төсөл чухал үүрэгтэй болохыг үндэстэн дамнасан корпорациудын үйл ажиллагаанаас тодорхой харж болно. Төслүүд хэрэгжсэний үр дүнд олон нийтийн оролцоо нэмэгдэх, салбарын хөгжлийг хурдасгах, шинэ инновациуд бий болох, шинэ ажлын байр үүссэн зэрэг чухал нөлөөг нийгэмд үзүүлэх болжээ.

Хэдийгээр Монгол Улсад филантропи төрлийн биет болон биет бус хөрөнгө оруулалт босгож байсан тохиолдол байхгүй хэдий ч томоохон компаниудын нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд бүтээн байгуулалтууд хийгдэж, нийгмийн тодорхой асуудлууд шийдэгдсэн сайн түүх бий. Энд иргэдийн оролцоог дэмжин, тэдгээрийг үйл ажиллагаанд татан оролцуулах, санхүүжилт босгох эсвэл сайн дурын үйл ажиллагаанд компанийн ажилчдыг оролцуулах нь төслийг амжилттай хэрэгжих боломжийг нэмэгдүүлэх ба нийгмийн дунд корпорэйт филантропийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. 

Өнөөдөр нийгэмд үйлчлэх олон тооны төрийн бус, ашгийн бус байгууллагууд  үүд хаалгаа нээн ажиллаж, тодорхой хүрээнд асуудлуудыг шийдэхийг оролдож байгаа нь сайшаалтай ч эдгээр төрлийн байгууллагуудад хуучин арга барилаа халж шинэ арга барилаар ажиллаж, шинэ төрлийн төсөл хөтөлбөр бүтээн байгуулалт хийх томоохон сорилт тулгарч байна. Иймээс бид орчин үеийн шалгарсан, чиг хандлагуудыг зайлшгүй мэдэж байх хэрэгтэй.   

КФ нь нэг талаас ашиг олох сонирхол бүхий бизнесийн байгууллага, нөгөө талаас нийгмийн сайн сайхан, хүн төрөлхтний амьдралын чанарыг сайжруулах зорилго бүхий филантропи үйл ажиллагааны нэгдэл дээр үүсэж буй ойлголт юм. Харин КФ гэдэг нь ашгийн төлөөх байгууллага, ашгийн бус байгууллагад тодорхой асуудлыг агуулгаар нь шийдэх зорилготой сайн дурын хандив, тусламж үзүүлэхийг хэлдэг ба хандив ихэвчлэн мөнгөн тусламж хэлбэрээр олгогддог боловч байгууллагын ажилчид өөрийн ажлын цаг, бүтээгдэхүүн, үйлчилгээг хандивлах бүрэн боломжтой байдгаараа давуу юм. 

Компанийн нийгмийн хариуцлага гэх ойлголт нь 1974 онд АНУ, Аляска муж дахь газрын тосыг эх газар луу, Канад улсын газар нутаг дээгүүр шугам хоолойг дамжуулан татах болсонтой холбоотойгоор анх үүссэн. Канад улсын ЗГ тухайн асуудалд нухацтай хандаж бүс нутаг дахь хөгжил, иргэдийн аюулгүй байдал, байгаль орчин, болзошгүй аюултай байдал гэх мэт олон асуудлыг хөндөн тавьсан ба энэ үеэс эхлэн компанийн нийгмийн хариуцлага гэх ойлголт бий болсон байдаг.

Шинэ хандлага бүхий КФ арга нь нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд төр, бизнесийн байгууллага, иргэдийн оролцоог бүхэлд нь дэмждэгээрээ онцлог юм. Нэг талаас төрийн бус байгууллага (ТББ), олон улсын байгууллага, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж буй нийгэмлэг зэрэг амьдралын чанарт нөлөөлж буй нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий байгууллага нөгөө талаас бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй ашгийн төлөөх байгууллагын нэгдмэл ашиг сонирхол дээр үүсэж буй тус ухагдахууныг, зөв зохистой хэрэгжиж болох механизмыг мэдэж байх шаардлагатай. Харин нийгэмд тулгамдаж буй асуудал гэдэгт амьдралын чанарыг доройтуулахад нөлөөлөх хүчин зүйлсийг ойлгох нь зүйтэй. Ямар ч нийгмийн үед тулгамдаж буй асуудал байдаг ба улс орон болгоны хувьд түүнийг шийдвэрлэх арга зам харилцан адилгүй.

КФ нь компанийн ажилчдыг филантропи үйл ажиллагаанд татан оролцуулснаар хөрөнгө оруулалт босгох үйл ажиллагааг идэвхжүүлэх томоохон хөшүүрэг болж өгдөг бөгөөд уг аргаар хөрөнгө оруулалт босгох маш олон төрлийн арга байдаг ба ашгийн бус байгууллага тус бүрд харилцан адилгүй ашигтай байдаг. КФ хөрөнгө оруулалт авах төрлөөс үл хамааран бизнесийн байгууллага, ашгийн бус байгууллага, хувь хүн, нийгэм бүгд ижил тэнцүү ашигтай байх боломжийг үргэлж олгож байдаг.

Дэлхий нийтэд хэрэгжүүлж буй үндэстэн дамнасан томоохон корпорациудын хэрэгжүүлж буй филанитропи төслүүдээс жишээ дурьдвал: 

Apple корпораци нь 2001 оноос эхлэн сайн үйлсийн аянд идэвхтэй нэгдэж эхэлсэн бөгөөд анхны КФ төслийг 2006 онд RED ТББ хамтын 3 ажиллагааны хүрээнд тус компанийн алдарт бүтээгдэхүүн болох iPod-г тусгай загвартайгаар зах зээлд танилцуулж байв. Тус бүтээгдэхүүний үнэ 199$ ам.доллар байсан ба тухайн бүтээгдэхүүний борлуулалт бүрээс 10$ ам.долларыг ТББ-д санхүүжилт хэлбэрээр олгож байв. Apple компани дараагийн APP FOR EARTH нэртэй филантропи төслийг 2016 онд WWF дэлхийн зэрлэг амьтдыг хамгаалах сантай хамтран ижил төрлийн модел хэрэгжүүлж, 10 өдөр үргэлжилсэн тус арга хэмжээний үеэр нийт 8 орчим сая ам.долларыг дэлхийн дулаарал, эрүүл орчин, эрүүл хүн, цэвэр ус зэрэг экологийн орчныг тэнцвэржүүлэх төслүүдэд зарцуулагдах нөхцөлийг бий болгосон байна.

Microsoft компанийн үүсгэн байгуулагч Билл Гэйтс 2000 оноос Билл ба Мелинда Гэйтсийн санг үүсгэн байгуулж,  2014 оны эцэс гэхэд экологийн тэнцвэрт байдал, боловсрол, эрүүл мэнд гэх мэт салбаруудад нийт 44.3 тэрбум ам.доллар зарцуулсан байдаг. 2008 он хүртэл жилд дунджаар 1 сая хүүхэд вакцинаар урьдчилан сэргийлж болох халдварт өвчнөөр нас барж байсан ба энэ нь вакцины хүрээлцээгүй байдлаас бус вакциныг тээвэрлэх явцад вакцины үйлчилгээ зогсох, бичил биетэн үхэх, үйлчилгээгүй болох асуудалтай тулгарч байв. Билл ба  Мелинда Гейтсийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, GAVI вакцинжуулалтын төлөөх нийгэмлэгийн хамтран бүтээсэн вакцин тээвэрлэх зориулалттай явуулын хөргөгч бүтээсэн бөгөөд энэ нь сая сая хүний амийг аварсан маш чухал төсөл болсон. Тус төсөл дээр Microsoft компанийн шилдэг инженерүүд, програм хөгжүүлэгчид ажилласан бөгөөд КФ төслийн хамгийн сонгодог жишээгээр дурьдагдсаар байна.

Монгол Улсын хэмжээнд нийт 21 чиглэлээр 8,578 ТББ үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд ТББ-ын тоо тасралтгүй өсөж байгаа боловч нийгмийн тодорхой асуудлууд хэвэндээ байсаар. Төрөөс татаас авах байдлаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн ТББ-ын хувьд шинэ түвшинд гарах, чадавхаа нэмэгдүүлж чадахгүй байгаа нь нэн тэргүүнд анхаарах асуудал болоод байна. Тиймээс КФ төсөл хэрэгжүүлбэл хэрэглэгчийн үнэнч байдлыг бий болгох, нийгэмд хувь нэмэр оруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр өгөөж бий болгох, компанийн нэр хүнд, танигдалт, нөлөөллийг өсгөх боломжтой бөгөөд бүх талуудад харилцан өгөөжтэй энэхүү орчин үеийн онол, арга зүйг ашиглаж нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг шийдэх бүрэн боломжтой байна.

 

Магистрант Г.Түвшинжаргал