2019/08/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.87₮
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
20°
|
16:00
S30
18°
17:00
S30
19°
18:00
S30
17°
19:00
S40
15°
20:00
S40
14°
21:00
S40
13°
22:00
S29
12°
23:00
S29
11°
00:00
S29
10°
01:00
S29
10°
02:00
S29
10°
03:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Ганбаяр: Төрийн гурван эрх мэдэл хяналтаа тэнцвэртэй хэрэгжүүлж чадвал төр нэгдмэл байна

С.Уянга, Зууны мэдээ
2018 оны 12 сарын 10
Зууны мэдээ

Хүний эрхийн Олон Улсын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, гавьяат хуульч Н.Ганбаяртай ярилцлаа.

-ХЭҮК-ын гишүүн болсноос хойш хэвлэлд тэр бүр ярьсангүй. Бараг анх удаа манай сонинд ярилцлага өгч байна уу?

-Хуулийн байгууллагад олон жил ажилласан мэргэжлийн онцлог байх. Ялангуяа, шүүхийнхэн эцсийн шийдвэр гараагүй байхад ярьдаггүй учраас хувь хүн талаас хаалттай болсон байж мэднэ. Үндсэндээ төрийн байгууллагад 42 жил, үүний дотор шүүхэд 24 жил, ерөнхий прокуророор зургаан жил ажиллажээ.

Энэ жил хүний эрхийн олон улсын өдөр хүний эрхийн түгээмэл тунхаглалын 70 жилийн ойтой давхцаж байгаа учраас манай байгууллагаас хүний эрхийн сургалт, соён гэгээрүүлэх чиглэлд түлхүү шамдан ажиллаж байна. Хүмүүсийн хандлага, сэтгэлгээнд хүний эрхийн мэдрэмж төлөвшүүлэх хэрэгцээ шаардлагатайг төрөл бүрийн судалгааны дүн харуулаад байгаа учраас хүний эрхийн боловсрол, соёлыг түгээн дэлгэрүүлэх асуудал тулгамдсан асуудлын нэг боллоо. Уржигдар бид энэ асуудлаар симпозиум зохион байгууллаа. 21 аймгийн ЕБС-ийн багш нар ирж, “Хүний эрхэд ээлтэй сургууль”-ийн сайн туршлагаа хуваалцан, төрийн болон төрийн бус байгууллагууд, НҮБ, Олон улсын байгууллагууд хамтран нэг өдрийн турш хүний эрхийн соёлыг түгээх асуудлыг хэлэлцлээ.

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг дэлхий дахинд Хүний эрхийн Олон Улсын өдөр болгон тэмдэглэдэг. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссараас дэлхийн улс орнуудад хандаж, жил бүр уриалга, мэндчилгээ илгээж, нийтээрээ нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 70 жилийн өмнө улс орнууд дайн дажинд нэрвэгдэж, үнсэн товорго болж, фашистууд хүмүүсийг үй олноор нь хоморголон устгаж эдийн засгийн хямралд өртсөний дараа дэлхийн удирдагчид нэгдэж нэгэн төлөвлөгөөг боловсруулсан нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал юм. Энэ тунхаглал дэлхий дахиныг зөрчил маргаан зовлон зүдгүүрээс ангижруулж энх тайвныг хангахын тулд гаргасан сайтар боловсруулсан газрын зураг, чиглүүлэгч байсан билээ.

Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан ХЭҮК-оос цогц төлөвлөгөө гаргаж ном, сэтгүүл, гарын авлага, онол практикийн бага хурал, олон нийтийн лекц, уулзалт хэлэлцүүлэг, хүний эрхийн өдөрлөг, сургалтууд, уралдаан гээд нэлээд өргөн цар хүрээтэй цөөнгүй ажлыг хэрэгжүүлж байна.

-Хүний эрхийн чиглэлээр гардан шийдвэрлэж, зөвлөмж, шаардлага өгсөн тохиолдлууд цөөнгүй байх. Ер нь та өнгөрсөн хугацаанд юунд голлон анхаарч ажиллав?

-Хүний эрхийн Үндэсний Комиссын гол ажил бол Монгол Улс дахь хүн эрх, эрх чөлөөг хангах, үүний дагуу хүний эрхийн нөхцөл байдлын илтгэлийг жил бүр УИХ-аар хэлэлцүүлдэг. Өөрөөр хэлбэл, өвчний оношийг нь тогтоогоод, түүний дагуу хийх шаардлагатай зүйлс, гарц гаргалгааг хүргүүлдэг. Энэ санал төрийн эрх бүхий байгууллагын баримт бичигт тусгалаа олж байвал нийтэд ихээхэн ач тустай.

Хүний эрхийн зөрчлийг илрүүлэх, арилгахад Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлч та нар их чухал ач холбогдол, үүрэгтэй байдаг. Бид энэ хоёр байгууллагыг тулгуур суурь гэж үздэг юм. Учир нь далд бугшмал хүний эрхийн хэрэг зөрчлийг ил гаргаж, олон нийтэд мэдээлэхэд нүд, чих болдог. Тиймээс ч нягт хамтран ажиллаж ирсэн.

-Таны хувьд шүүх, прокурорын байгууллагын удирдах албан тушаалд олон жил ажилласан. Энэ онцлогийнхоо дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр ажиллахад эргээд шүүх, прокурорын байгууллагад хүний эрхийн үүднээс хандаж зөвлөх зүйл гардаг л байх. Та тэдэнд юуг зөвлөх вэ?

-Хүний эрхийн байгууллага хувь хүнээс хөгжүүлэлт, ихээхэн мэдрэмж шаарддаг онцлогтой юм байна лээ. Энд ирээд шинээр судлах хэрэгцээ шаардлагатай тулгарсан. Өмнө нь ажиллаж байсан байгууллагынхаа ажлыг өөр өнцгөөс харсан. Анхаарах зүйлс ч байна. Өнгөрсөн хугацаанд бид төдийлөн хүний эрхийн мэдрэмжтэй ажилласангүй. Сургалт, мэдээлэл, хууль эрх зүйн орчин ч дутмаг байлаа. Ялангуяа олон улсын гэрээ конвенцуудыг хэрэглэх явдалд хэвшихгүй байна. Хуулийн байгууллагад хавдаж хэлэх гол зүйл бол хувь хүний зан чанарыг анкет, тестээр биш, бодит ажил, бүтээлээр нь сайтар судалж байж хуульч мэргэжил эзэмшүүлмээр байна. Үнэнч, шударга бага залуугаасаа бэлтгэгдсэн хүн л хүний эрх, шударга ёсны баталгаа болж чадна.

Шүүгч, хуульчид манай улсын нэгдэн орсон конвенциудыг сайн судалж, үйл ажиллагаандаа тусгаж явах хэрэгтэй. Сүүлийн үед шүүхээр шийдвэрлэж байгаа томоохон гэх хэргүүдийг ард түмэн захиалга гэж шүүмжилж, хэтэрхий ойлгомжгүй байна. Ер нь шүүгчид ямар ч нөхцөлд өргөсөн тангараг, хуульдаа л захирагдаж шийдвэр гаргах ёстой.

-ХЭҮК байгуулагдаад 17 жил болж байна. Энэ хугацаанд хэрхэн бэхжив. Ер нь комиссын хүний нөөцийн орон тоо, түүнийг дагаад үйл ажиллагааны хүртээмж хэр байна вэ?

-Монгол Улсад хэнээс ч хараат, бус бие даасан статустай хүний эрхийн үндэсний байгууллага байгуулагдаад өнөөдөр нэг улсаар хязгаарлагдахгүй, Ази Номхон Далайн бүс нутагтаа ч тодорхой нөлөөтэй ажиллаж ирлээ. Манай үйл ажиллагаа Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн хүрээнд явагддаг учраас зарим талаар “шүдгүй арслан” гэж хэлэгдэх нь бий. Гэхдээ бид ямагт хуулийн дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэсээр ирсэн. ХЭҮК-ын гурван гишүүнд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий чадварлаг Ажлын албатай. Энэ албанд төвд 20 гаруй, 21 аймаг тус бүрт нэг ажилтантай. 40 гаруй хүнтэй цомхон хэрнээ маш их ажлыг амжуулж байна. Төрийн албан хаагчид дотроос манай байгууллагын ажилтнууд хамгийн ачаалалтай ажилладаг нь байх гэж боддог.

Жилд дунджаар 600-700 орчим гомдол хүлээн авч шийдвэрлэж байна. Дээр нь хууль зүйн зөвлөгөө өгнө, сургалтууд хийнэ, хяналт шалгалтаар явна, хүний эрхийн ном, гарын авлага боловсруулж хэвлүүлнэ, олон нийтийн лекц, өглөөний уулзалт, тухайлсан эрхийн асуудлаар хэлэлцүүлэг, зөвлөмж, шаардлага боловсруулна гээд зүгээр суудаг нэг ч өдөр үгүй. Жилдээ 21 аймгаараа “Хүний эрхийн өдөр”, “Хөдөлмөрлөх эрхийн сургалт”, “Жендерийн сургагч багш” бэлтгэх сургалт, хяналт шалгалт гээд хэд хэдэн удаа явчихна. Жилийн төлөвлөгөө, сарын, долоо хоногийн төлөвлөгөөний дагуу, цахим оффисоор гомдлоо шийдвэрлэх гэх мэтээр манай хамт олноос суралцах шинэ туршлага олон байгаа.

Дээр дурдсан зүйлс бол зөвхөн өөрсдөө төлөвлөөд хийж амжуулдаг ажлууд, үүн дээр гэнэтийн төлөвлөгдөөгүй ажлууд бас гарч ирнэ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Ази Номхон Далайн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганыг хоёр жил даргалсан. Дэлхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн. Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын магадлан итгэмжлэлд гурван удаа орж “А” үнэлгээ авсан нэр хүндтэй байгууллага. Хууль эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт шинэчлэлт оруулах хэрэгцээ шаардлага бий.

-Таны мэргэжлийн онцлог, бас одоогийн гүйцэтгэж буй албатай хамааруулж асуумаар байна. ЖДҮ-тэй холбоотой асуудалд та ямар байр суурьтай байна вэ. Бас л хүний эрхийн зөрчил үү?

-Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг өндөр албан тушаалтнууд авсан асуудал бол ард түмний эсрэг чиглэсэн, тухайлбал зорилтот бүлэг буюу жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн эрхийг ноцтой зөрчсөн гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Үүнийг Улсын Их хурал бүрэн шийдвэрлэхгүйгээр цааш явахгүй. Ард түмэн хүлээж авахгүй. Ийм нөхцөлд төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл цэг цэгтээ эзэн байж харилцан тэнцвэртэй, хяналт тавих үүргээ цаг алдалгүй ёсчлон хэрэгжүүлэх хэрэгтэй.

Тухайлбал, жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд нэр холбогдсон Ерөнхий прокурорын орлогчийг чөлөөлөх саналыг Ерөнхийлөгч Их хуралд оруулах хэрэгтэй. Засгийн газар сайд нарынхаа асуудлыг, УИХ гишүүдийнхээ асуудлыг шийдвэрлэх гэх мэтээр төрийн хамгийн дээд гурван эрх мэдэл харилцан тэнцвэртэй, хяналт тавих үүргээ хэрэгжүүлэх ёстой. Ингэж чадвал Монголын төр нэгдмэл цул байж чадна.

x