Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Гэрэлт-Од: Улстөрчид намдаа 6-10 сая төгрөгийн хандив өгдгийг судалгаанд оролцогчид хэлж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

“Шилэн нам” авлигын эсрэг түншлэлээс Транспэрэнси интернэшнл-Монгол байгууллагатай хамтран Азийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал, авлигын эрсдэлийн үнэлгээ” судалгааны үр дүнг өчигдөр танилцууллаа.

Уг судалгаагаар МАН, АН, МАХН гэсэн УИХ-д суудалтай намуудад санхүүжилтийн ил тод байдал бий эсэх, эрх зүйн орчин ямар байгааг үнэлэх зорилго тавьжээ. Судалгааг энэ оны арваас арванхоёрдугаар сар хүртлэх хугацаанд хийсэн байна. 

Судалгааны дүнгийн талаар МУБИС-ийн багш, Улс төрийн ухааны доктор Э.Гэрэлт-Од “Шилэн нам санаачилгын хүрээнд улс төрийн намуудын санхүүжилтийн ил толд байдлыг илрүүлэх, ярилцлага бүлгийн ажлуудыг зохион байгуулж судалсан. Нийслэл, орон нутгийн намын гишүүдийн ярилцлагын хүрээнд мэдээлэл цуглуулахад улс төрийн намууд үндсэндээ санхүүгийн хувьд хаалттай болсон байна. Хэн хэдэн төгрөг өгсөн, яаж зарцуулж байгааг хэн ч мэдэхгүй байна. Нам дотроо мэдээлэл олгодог тогтолцоо алга. 

 

Улс төрийн намын тухай хуулийн 23-т “Улс төрийн нам санхүүгийн үйл ажиллагаандаа жил болгон аудит хийлгэж, үүнийгээ олон нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэж заасан байдаг. Харамсалтай нь энэ заалт хэрэгжихгүй байна. 

Нөгөө талдаа улс төрийн нам мөн энэ хуулийн хандивын заалтыг байнга зөрчдөг гэсэн дүгнэлт гарсан. Энэ хуулиар иргэн сая хүртэл, ААН гурав хүртэл сая төгрөгийн хандив өгөх эрхтэй гэсэн байдаг. Гэвч улстөрчид өөрсдийнхөө хандивын хөрөнгөөр намаа авч явж байна. Эсвэл гаднаас хандивлагч олдог. Гадны хандивлагч нь ихэвчлэн улс төрийн намд эргээд барьцаа, эрх ашиг, тодорхой болзол тавьдаг.

Аймаг, сум, нийслэл, дүүрэг бүхэлдээ Иргэдийн хурлын суудалдаа зориулж мөнгө авдаг

Энэ нь хандивын зүйл заалтыг байнга зөрчиж байна гэсэн үг юм. Хамгийн багадаа 6-10 сая төгрөгийн хандив өгдөг юм байна. Үйл ажиллагаа болгоноо хандиваар босгодог юм байна. Намууд гишүүдээсээ татвар цуглуулж чаддаггүй юм байна. Олон намын тогтолцоотой улсад гишүүдээсээ татвар авбал манай гишүүд зугтаана гэж айдаг юм байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн намын санхүүжилт хаалттай байна. Энэ бүхнийг намын төлөөлөл, дунд шатны намын хорооны гишүүд өөрсдөө хэлж байна. 

Намууд төрөөс санхүүгийн дэмжлэг авдаггүй. Харин аймаг, сум, нийслэл, дүүрэг бүхэлдээ Иргэдийн хурлын суудалдаа зориулж мөнгө авдаг юм байна.

Улс төрийн намын тухай хуулинд УИХ дахь суудлаар нь мөнгө олгодог. Гэтэл ИТ-ийн суудалд мөнгө олгоно гэсэн хуулийн заалт байхгүй. Тэгэхээр энэ нь бас хууль бус санхүүжилт гэсэн үг. Улс төрийн намууд янз бүрийн аргаар санхүүждэг юм байна. Ийм л дүр зураг харагдаж байна. Тэгэхээр энд авлигын маш өндөр эрсдэл бүхий бүлэг байна гэсэн үг” гэсэн юм. 

Харин “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлийн санаачлагч Ч.Сосормаа “Шилэн нам авлигын эсрэг түншлэлээс улс төрийн санхүүжилтийн ил тод байдал, авлигын эсрэг үнэлгээг хийгээд тайлангаа тавьж байна. Улс төрийн намын санхүүжилт, Сонгуулийн тухай хуулийн шинэчлэлийн үеэр энэ хэлэлцүүлэг хийгдэж байгаагаараа онцлогтой юм. 

 

Энэ асуудалд үндэсний хэмжээний зөвшилцлийг бий болгох шаардлагатай байна. Яагаад гэвэл улсийн төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлснээр улс төрийн нам шинэчлэгдэхгүй гэдэг нь судалгаагаар батлагдсан. Энэ нь өөрөө хяналт, мэдээллийн асуудал, тайлагнах, хариуцлагын тогтолцоотой уялдаж байж иж бүрнээрээ шинэчлэгдэх зүйл юм байна. Улсын төсвийн дэмжлэг нь улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийн бууруулахад чиглэгдэх ёстой. 

Улс төрийн намын хараат бус байдал, төсвийн тэнцвэртэй байдлыг нь бий болгоход чиглэгдэхээс биш татвараа хурааж авч чадахгүй, хандиваараа орлогоо бүрдүүлж чадахгүй байгаа намыг дэмжиж улсын төсвөөс санхүүжүүлэх хэрэг огтоос биш. 

Улсын төсвөөс дэмжлэг авч байгаа улс төрийн нам төрийн аудитоор ерөөсөө хянагдахгүй байгаа. Улс төрийн нам хаалттай хариуцлагагүй, авлигын голомт болоод хувирчихсан байна. 

Судалгаанд оролцогчид далд хандив байдгийг хэлээд байгаа. Тэр хандивыг илрүүлэх тогтолцоо манайд байхгүй байна” гэв.