Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ангарагийн салхины чимээг NASA анх удаа хүн төрөлхтөнд сонсгож байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

NASA-гийн судалгааны станцын тусламжтайгаар хүн төрөлхтөнд анх удаа алс холын Ангараг гарагийн салхины чимээг сонсох боломж тохиож байна.

Арав хоногийн өмнө АНУ-ын үндэсний сансар судлалын хүрээлэн InSight нэртэй робот станцыг тус гараг дээр амжилттай буулгасан билээ. Энэхүү станц нь Ангарагийн хөрсний дотор талыг судлах зорилготой.

Түүнд гарагийн хөрсний чичиргээ, доргионыг хэмжих зориулалттай өндөр мэдрэмтгий багаж төхөөрөмж суурилсан байгаа юм.

Тэгвэл уг төхөөрөмж арванхоёрдугаар сарын 1-ний өдөр салхины нөлөөгөөр үүссэн агаарын урсгалын чичиргээг бичиж авснаа дэлхий рүү илгээжээ. Судлаачдын тооцоолсноор тухайн үед салхины хурд 16-24 км/цаг орчим байсан гэнэ.

Гэхдээ салхины чимээг бичих зорилго NASA-д анхнаасаа байгаагүй, энэ нь санамсаргүй тохиолдол байжээ.

InSight станцад байрласан агаарын даралт хэмжигч, сейсмометр гэсэн хоёр мэдрэгч багаж ажиллахдаа ийм чимээг бичиж авсан байна. 2020 онд Ангарагт илгээх дараагийн станц нь өөр дээрээ хоёр микрофонтой байх тул харь гарагийн дуу чимээг бодитоор нь сонсгох ажээ.

Эх сурвалж: NASA