Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Нямдорж: Та нарын хийгээд байгаа юм чинь энэ улсыг Украин болгох зам руу яваад байна шүү

А.Ням-Өлзий, iKon.mn
2018 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн билээ. 

2014 онд алтын рояалтыг таван жилийн хугацаатай 2.5 хувь болгосон билээ. Энэ хугацаа 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөр дуусгавар болох гэж байна. Тиймээс энэ хугацааг дахин таван жилээр сунгах хуулийн төслийг нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм. 

Гэвч УИХ-ын гишүүдийн бараг тал хувь нь Их хурлын даргын огцрохыг шаардан хуралдаа суухгүй эсэргүүцлээ илэрхийлээд байгаа. Үүнтэй холбогдуулан чуулганы хуралдаанд оролцож буй зарим гишүүдийн зүгээс алтны рояалтын үйлчлэх хугацааг сунгах асуудлыг хойшлуулах санал гаргасныг гишүүдийн олонх дэмжив. 

Ийнхүү нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр оруулж ирсэн алтны 2.5 хувийн татварыг таван жилээр сунгах хуулийн төслийг хэлэлцүүлэхийг хойшлууллаа. Ингэснээр өнөөдөр хэлэлцэгдэх байсан бусад бүх асуудал мөн хойшлогдож, МАН-ынхан дотоод асуудлаа цэгцэлнэ гэлээ. 

Мөн Засгийн газарт хугацаатай үүрэг даалгавар өгч, шаардлага хүргүүлье гэсэн Л.Энх-Амгалан гишүүний горимын саналыг бас дэмжсэн юм

Энэ асуудлыг хэлэлцэх үеэр гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж: МАН-ын зовлон Монголын төрийн хагарал болж дууслаа. Алтаа хууль ёсоор тушааж, валютын нөөцийг нэмэгдүүлэх зөв зүйтэй алхам маань өнгөрсөн хугацаанд сайн хэрэгжсэн. Энэ асуудлыг МАН-ын дотоод асуудал унагааж байна. Энэ салбарыг дампууруулах нь. Тийм учраас АН-ын бүлэг алтны асуудлыг хэлэлцэхэд долоо хоногийн завсарлага авч байна.   

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: АН бүлэггүй болчихоогүй юм уу. Бүлэггүй болчихоод завсарлага авч болдог юм уу. УИХ-ын дарга та энэ асуудлыг хойшлуулж болох юм уу. Таныг АН-тай нийлж МАНАН байгууллаа гэнэ. Алтны татварын асуудал ярьж байхад Засгийн газар өөрөө асуудлаа хэлэлцүүлэхийг зөвшөөрөөгүй гэдэг агуулгаар санал хураагаад шийдэх ёстой. Эсвэл буцаах эсэхээр санал хураая. Яагаад гэвэл сайд өөрийнхөө хэлэцүүлэх асуудалд орж ирэхгүй байна. 
Ардын нам том байртай. Тэр байрандаа очиж хэрүлээ хийж болдоггүй юм уу. Төрийн ордонд хэрүүл хийгээд ард түмнийг доромжлоод байна. 

УИХ-ын дарга М.Энхболд: АН-ын бүлгээс одоогоор надад ямар нэгэн бичиг ирээгүй байна. Хэвлэлийн хэмжээний мэдээлэлтэй байна. Тамгын газраас хуулинд юу гэж заасныг танилцуулна уу. 

УИХ-ын Тамгын газар: УИХ-ын тухай хуулийн 26 дугаар зүйл дээр УИХ-ын нам, эвслийн бүлгийн үйл ажиллагааг зохицуулсан байдаг. 26.12 дахь хэсэгт “Энэ хуулийн 26.11-д заасны дагуу гишүүн аль нэг бүлгээс гарсан, нөгөө бүлэгт нэгдэн орсон бол тухайн бүлгийн дарга УИХ-ын даргад, УИХ-ын дарга нэгдсэн хуралдаанд тус тус албан ёсоор мэдэгдэнэ” гэж заасан. 

Одоогоор АН-ын бүлгийн даргаас гишүүн нь бүлгээс гарсан талаарх албан бичиг ирүүлээгүй байгаа. АН-ын бүлэг эрх үүргээ хэрэгжүүлээд явж байгаа. Тэгэхээр завсарлага авах бүрэн эрх нь хэвээр хадгалагдаж байгаа. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Нам, бүлэг, чуулган ном дүрмийнхээ дагуу явахыг Төрийн байгууллалтын байнгын хороо шаардана. Өнөөдрийн хэлэлцэж буй асуудлыг хойшлуулах нь зүйтэй гэсэн саналтай байна. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Үүссэн нөхцөл байдалд бидэнд шийдэл хэрэгтэй. УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль гэсэн хоёр хуулийн хүрээнд Их хурал үйл ажиллагаа явуулах ёстой. Гурван долоо хоног хүлээсэн Засгийн газрын сайдыг нь томилоод өгье гэхэд Ерөнхий сайд өөрөө орж ирэхгүй, сайд нараа оруулж ирэхгүй бойкотолж байна. Ерөнхий сайд Монгол Улсын бүх хууль тогтоомжийг ширхэгчлэн биелүүлэх үүрэгтэй. 

Тийм учраас УИХ-аас Засгийн газарт хугацаатай шаардлага хүргүүлье.  Тэр шаардлагыг биелүүлэхгүй бол Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хариуцлага тооцоод явья

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Ийм нөхцөл байдал үүсээд байна гэдгийг би нөхрийн ёсоор Их хурлын дарга танд зөндөө хэлсэн. Гишүүдийн 50 хувь нь эсэргүүцээд заалнаас гараад явчихсан байна. Асуудал энд чинь байна. Энийгээ бод л доо хэд дахин хэлүүлэх гэсэн юм. Засгийн газар Засгийн газар л гээд байх юм Их хурал өөрөө ямар байдалд орчихсон байгаагаа хар. Олон юм яриад байх юм. 

Нэг хүний албан тушаалтай тэнцэх Их хурал гэж байхгүй шүү. Энд 20 хүрэхгүй хүн сууж байна. Их хурал чинь ийм байж болох юм уу. 
50 хувь нь эсэргүүцээд хаяад гарчихсан байхад яаж энэ Их хурлыг авч явах гээд байгаа юм. Энэ чинь бүтэхгүй. 

УИХ-ын дарга гэдэг юмыг чинь би өгч үзсэн. Манай намынхан нийлж байгаад, 600 сая долларыг нь хаах гэхээр цэц дээр захиалга өгч дүгнэлт гаргуулахад нь Их хурлын даргаас болж УИХ-ын нэр хүнд сэвтэх ёсгүй, явах цаг болжээ гээд би ажлаа өгч байсан. Би эндээс юм алдаагүй. 

Дуугүй сууж бай Ж.Мөнхбат чи. Олон хоног галзуурахыг чинь харлаа.  Дахин сонгууль явуулахад асар их зардал гардаг юм. Шинэ Их хурал юу ч гарч ирээ билээ. Та нарын тал талаас хийгээд байгаа юм чинь энэ улсыг Украин болгох зам руу явах гээд байна шүү. Би Украин болгохгүй төлөө чадах бүхнээ хийх болно шүү. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Одоо Засгийн газрыг чинь огцруулах асуудал дууссан. Үүнээс хойш Монголын төр ажлаа хийх ёстой.