Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Люксембург нийтийн тээврийг үнэ төлбөргүй болгосон дэлхийн анхны улс болох гэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Люксембург бүх төрлийн нийтийн тээврийг үнэ төлбөргүй болгосон дэлхийн анхны улс болох гэж байна.

Ирэх зунаас эхлэн тус улсын галт тэрэг, трамвай, автобуснууд ямар ч үнэ төлбөргүй болно гэдгийг Хавьер Беттелийн тэргүүлсэн засгийн газар өчигдөр нийтэд мэдэгджээ.

Тэр өнгөрсөн сонгуулийн дараа хоёр дахь удаагаа ерөнхий сайдын суудалд суугаад байгаа бөгөөд байгаль орчныг хамгаалах асуудлыг нэн тэргүүнд тавихаа амлаж байсан юм.

Беттел нийтийн тээврийг үнэ төлбөргүй болгохоос гадна каннабисын хэрэглээг хуулиар зөвшөөрөх, бүх нийтээр амрах хоёр өдөр шинээр бий болгох гэж байгаагаа өчигдөр зарлажээ.

Европын жижигхэн вант улсын нийслэл Люксембург нь дэлхийн хамгийн их замын ачаалалтай хотуудын нэг. Ердөө 110,000 оршин суугчтай боловч замын хөдөлгөөнд нь 400,000 орчим хүн өдөр бүр оролцдог байна.

2016 оны статистикаас харвал энэ хотын жолооч нар дунджаар 33 цагийг зам дээр өнгөрүүлсэн байжээ. 

Люксембург улсын хүн ам 600,000 бол хөрш Франц, Бельги, Германаас өдөр бүр 200,000 хүн нийслэл хотод нь ажиллахаар хил давж ирдэг юм.

Өнгөрсөн зунаас эхлэн тус улсын засгийн газар 20 хүртэл насны хүүхэд залуусыг нийтийн тээврээр үнэгүй зорчдог болгосон. Харин насанд хүрэгчид 2 еврогоор 2 цаг зорчих эрхтэй тасалбар авдаг болсон нь дөнгөж 2,590 км.кв нутагтай энэ орны хувьд хангалттай боломж юм.

 

Эх сурвалж: The Guardian