Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Энтрепренерүүдийн нэгдсэн чуулган: Их, дээд сургуулиуд СУРГАЛТ, СУДАЛГАА хослуулах II шатандаа дэвшиж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2018 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-“Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган-2018” болж байна-

Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүд нэг жилд л гэхэд 104 тонн шар сүүг ашиглалгүй асгаж байна. Тэгвэл үүгээр энергийн ундаа хийж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бий. Бид энэ төсөл дээр ажиллаад дээж бүтээгдэхүүнээ хэдийнэ гаргасан” хэмээн МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан Ү.Батмагнай хэлж байна. Тэрбээр, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Химийн тэнхимийн багш дэд профессор Б.Мөнхжаргал, доктор Ц.Туяагэрэл нараар удирдуулсан “Жангар” энергийн ундаа хийх төслийн багийн гишүүн юм. 

Ү.Батмагнай “Шар сүүнд биед хэрэгтэй шим тэжээл ихээр агуулагддаг. Гэвч гэдэс хямрааж, гүйлгэдэг тул тэр бүр хүн хэрэглэдэггүй. Энэхүү гэдэс гүйлгэдэг шалтгаан нь лактоз гэх бодис. Харин үүнийг экологийн катализатор ашиглан элэг хамгаалах, дархлаа дэмжих үйлчлэлтэй лактулозд хувиргаснаар шар сүүний эмчилгээний чанарыг нэмэгдүүлэн "Жангар" энергийн ундаа төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ бүтээгдэхүүнийхээ патентыг авсан бөгөөд Мэргэжлийн хяналтын байгууллагад дээжээ шинжлүүлж, 100 хувь эко бүтээгдэхүүн гэсэн дүгнэлт авсан” хэмээлээ.

Ийнхүү эрдэмтэн багш нарын олон жилийн судалгааны шинжилгээний үр дүнд бүтсэн бүтээгдэхүүний санаан дээр Бизнесийн сургуулийн оюутан, багш нар хамтарч ажилласнаар гарааны бизнес болгон хөгжүүлж буйн нэг жишээ энэ юм. 

Өнөөдөр МУИС-ийн Төв номын санд болж буй Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганаар дээрхийн адил гарааны бизнесүүд үйл ажиллагаагаа танилцуулж, санхүүжилтийн боломжуудыг эрэлхийлж байна. Мөн тус чуулганаар энтрепренершипийн хөгжилд Их сургуулиудын үүрэг юу байх, сургалтын арга барилд юуг анхаарах талаар хэлэлцэж байна. 

 
Гэрэл зургийг mpa.mn

“Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган”-д МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Ч.Энхбаяр тавьсан илтгэлдээ их, дээд сургууль нь гарааны бизнес хөгжих хамгийн таатай орчин гэдгийг онцоллоо.

Түүнчлэн тэрбээр, “Хими, физикийн салбарын багш нар олон шинэ санаа, технологийг бий болгон патентлуулдаг. Гэвч үүнийгээ бизнес болгох гэхээр энэ талын мэдлэг дутаад байгаа. Тэгвэл бидэнд Бизнесийн сургууль байна. Тиймээс бизнесийн чиглэлийнхээ багш, оюутнуудтай хамтран ажиллавал бизнесээ амжилттай явуулах, цаг хугацаа хэмнэх боломж байна” гэсэн юм.

Мөн ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн профессор Л.Оюунцэцэг “Өнөө үед их сургуулийг зөвхөн боловсролын байгууллага гэж харахаа больж байна. Их сургууль өөрөө энтрепренершипийн үйл ажиллагаа явуулах хандлагатай боллоо. Мөн их сургууль нь дөрвөн шатаар хөгждөг. Нэгдүгээр түвшин нь сургалтын чиг баримжаатай. Хоёрдугаарт, сургалт, судалгаагаа хослуулахдаа судалгаагаа илүү голчилсон судалгааны сургууль.

Гуравдугаарх нь энтрепренер буюу бизнесийн чиг баримжаатай их сургууль. Дөрөв дэх нь тогтвортой сургууль. Манай улсын их сургуулиудын хувьд голдуу нэгдүгээр шат буюу сургалтын чиг баримжаатай байна. Саяхан Судалгааны их сургуулийг хөгжүүлэх хөтөлбөр батлагдсан. Тэгэхээр бид хоёрдугаар шатандаа дэвшиж байна. Мөн гарааны бизнесүүд хөгжүүлэх, дэмжиж, бизнесийн чиг баримжаатай болох чиглэлд орж эхэлж байна” гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Харин Судалгааны их сургууль болох зорилт, сорилтууд сэдвээр тавьсан илтгэлдээ МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг “Монгол Улсын хувьд өндөр хөгжилтэй орнуудын араас хоцорсон хоцрогдлоо арилгахын тулд мэргэшсэн төгсөгч нар бэлтгэхдээ онцгойлон анхаарах хэрэгтэй. Ингэхийн тулд илүү динамик сургалттай болох нь зүйтэй. “MIT” сургалтдаа “минерва” системийг нэвтрүүлээд байна. Энэ нь хамгийн динамик буюу хөдөлгөөнтэй сургалт. Үргэлж багаар ажиллаж, зөвхөн багшаас биш нэг нэгнээсээ суралцдаг, хоорондоо хамтарч ажилладаг.

Хятадын урдаа барьдаг 50 их сургууль нь мэргэшсэн сургалтаараа дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрч байна. Сургалтын арга барил нь динамик болж байна. Ер нь дэлхий нийтийн боловсролын чиг хандлага их чиглэлд орсон” гэв.