Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

iPhone-ий угсрах үйлдвэрийг Хятадаас Вьетнам руу нүүлгэхээр төлөвлөж байгааг мэдээлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Apple-ийн түнш, дэлхийн хамгийн том электроникийн гэрээт үйлдвэрлэгч гэгддэг Foxconn АНУ-Хятадын худалдааны дайнаас зугтах зорилгоор Вьетнам руу үйлдвэрээ нүүлгэх боломжийг судалж байгаа талаар Вьетнамын төрийн хэвлэлд мэдээлжээ.

Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний дунд үүссэн худалдааны маргааны улмаас томоохон компаниудаас Foxconn анх удаа шийдвэрлэх алхам хийх гэж байгаа нь энэ юм.

Саяхан Ройтерс агентлаг хэд хэдэн том компанийн захирлуудаас тодруулга авахад тэд бүгд Вьетнам, Тайландыг худалдааны дайнаас зугтахад тохиромжтой орнуудаар нэрлэж байв.

“Foxconn групп болон Ханой хотын ардын хороо iPhone-ий үйлдвэрийг Вьетнамд байгуулж, АНУ-Хятадын худалдааны дайны нөлөөг бууруулах талаар хамтран ажиллаж байна” гэж Вьетнамын Хөрөнгө Оруулалтын тайланд өгүүлсэн байна.

Мэдээнд өгүүлснээр Вьетнамын Худалдаа, Аж Үйлдвэрийн танхимын дарга Ву Тен Лок энэ асуудлаар арваннэгдүгээр сарын 22-нд Вьетнамын ерөнхий сайд Нгуен Шуан Пуктай уулзсан гэнэ.

Тайваний Foxconn компани энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин нар Аргентины нийслэлд уулзахдаа 90 хоногийн хугацаанд дахин бие биеийн эсрэг импортын татвар оноохгүй байх тохиролцоонд хүрсэн юм. Энэ хугацаанд хоёр улсын албаныхан худалдааны дайныг зогсоох гэрээ хэлцэл байгуулахаар ажиллах ажээ.

 

Эх сурвалж: Reuters