Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Таканоива дэвжээнийхээ залуу бөхийг зодсон хэргээр шалгагдаж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Японы сүмогийн ертөнцөд дахин нэг зодооны хэрэг гарсан байна. Энэ удаа өнгөрсөн онд бусдад зодуулж хохирогч болж байсан Монголын бөх Таканоива өөрийн дэвжээний залуу бөхийг зодсон тухай дуулиан дэгджээ.

Тэрээр орон нутагт болж буй тэмцээний үеэр дэвжээ нэгт залуу бөхийг ямар нэг зүйл мартсанд буруутган нүүрэнд нь таван удаа цохьсон болохыг Японы Сүмогийн Холбооны олон нийттэй харилцах алба мэдээлсэн байна. Чиганура дэвжээний залуу бөх хүнд гэмтээгүй ч нүүр нь хөхөрсөн байгаа гэнэ.

Такаинова одоо Фүкүокад болж байгаа орон нутгийн өвлийн барилдаанаас гарч, Сүмогийн Холбооны хямралыг зохицуулах албаныханд шалгагдаж байгаа ажээ.

Өнөөдөр буюу Пүрэв гарагт тэд хохирогчийг байцаасныхаа дараа Таканоивад ямар шийтгэл оноохоо шийдэхээр болсон байна.

Дөнгөж хоёр сарын өмнө Японы Сүмогийн Холбоо “хүчирхийллийг арилгах тунхаг” гаргаж, сүмогийн ертөнцөд дахин ийм хэрэг гаргахгүй гэдгээ амлаж байсан юм.

Таканоива буюу жинхэнэ нэр нь Адъяагийн Баасандорж өнгөрсөн оны аравдугаар сард Монголын ёкозуна Харумафүжид зодуулсан нь илэрч дараа сард нь Харумафүжи зодог тайлж байв.

Толгойдоо гэмтэл авсан Таканоива эмнэлэгт хэвтэж, хоёр тэмцээн өнжсөний дараа гуравдугаар сарын барилдаанд эргэн ирж байжээ.

Өнгөрсөн сард тэрээр хохирлоо барагдуулахаар Харумафүжигээс мөнгө нэхэмжилсэн гомдлоо шүүхээс буцаан татсан юм.

Тэдний зодооны хэргийн улмаас Таканоивагийн дэвжээний эзэн, экс ёкозуна Таканохана есдүгээр сард Сүмогийн Холбооноос гарч, дэвжээгээ тарааж байв.

 

Эх сурвалж: Kyodo News