Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын байлдааны нисэх онгоцнууд Японы эргийн ойролцоо агаарт мөргөлдөж, 6 хүн сураггүй болжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын тэнгисийн хүчний хоёр нисэх онгоц өнгөрсөн шөнө Японы баруун өмнөд эргээс холгүй агаарт мөргөлдсөн байна.

Онгоцнуудад нийт долоон алба хаагч явсны нэгийг нь аврагчид олоод байгаа бол үлдсэн зургааг нь олоогүй байгаа гэнэ. Нисэх онгоцнуудын нэг нь F/A-18 сөнөөгч онгоц бол нөгөө нь KC-130 шатахуун цэнэглэгч онгоц байжээ.

Онгоцнууд орон нутгийн цагаар шөнийн 01:40 цагийн орчимд Кочи мужийн Муротогийн хошуунаас урагшаа 100 км зайнд агаарт хоорондоо мөргөлдсөн тухай Японы батлан хамгаалах яам мэдээлсэн байна.

Олдсон нэг хүний биеийн байдал хэвийн байгаа гэнэ. Сөнөөгч онгоцонд хоёр, шатахуун цэнэглэгч онгоцонд таван алба хаагч явсан байна.

Сүүлийн саруудад Япон дахь АНУ-ын зэвсэгт хүчний осол эндэгдэл тасрахгүй байгаа. Өнгөрсөн сард USS Ronald Reagan тээвэрлэгч хөлгөөс хөөрсөн F/A-18 сөнөөгч онгоц Окинавагийн ойролцоо далайн усанд унасан юм. Энэ онгоцны хоёр нисгэгч амьд гарсан байна. Аравдугаар сарын дундуур мөн USS Ronald Reagan тээвэрлэгчээс хөөрсөн MH-60 Seahawk нисэх онгоц Филиппиний тэнгист унасан ч хүний амь хохироогүй өнгөрсөн юм.

 

Эх сурвалж: Associated Press