Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Арванхоёрдугаар сарын 6-н: Ардчилсан Намын өдөр

ikon.mn
2018 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

2000 оны энэ өдөр намууд нэгдэж одоогийн Ардчилсан Нам шинээр төрж байлаа. Албан ёсоор улс төрийн зургаан нам нэгдсэн гэх тоо байдаг ч яг үнэндээ бол МҮАН болон МСДН-ын гэрлэлт болж, бусад нь татвар маягаар орж ирсэн юм.

Эргээд харахад энэ гэрлэлтээс хэн хожоод гарсан бэ? гэдэг асуулт өөрийн эрхгүй тавигдаж байна. Нийгэм хожсон уу? Хувь хүмүүс, гишүүд үү. Ялангуяа тухайн үед улс төрд, намууддаа нөлөөтэй явсан лидерүүд хожив уу?

Ж.Наранцацаралтын суудал энэ намыг төрүүлсэн

1996 оны парламентын сонгуулиар МҮАН-МСДН-ын эвсэл пологдтолоо ялалт байгуулсан. Пологтсоны хариу яаж гарсан билээ. 2000 оны сонгуульд МСДН нэг ч суудалгүй нойл, МҮАН арай чүү гэж ганц суудалтай үлдэв. Энэ суудал шижир алт шиг үнэлэгдсэн юм.

Дундговийнхон Ж.Наранцацаралтыг сонгож ардчиллынханд амь тариа залгуулсан нь энэ байв. Намыг нь бодвол сонгомооргүй байсан ч түүхэндээ анх удаа Ерөнхий сайдтай болж, шинэ бахархалтай болсон нутгийнхан нь ингэж шийдсэн хэрэг. Түүнийг тун богинохон, ердөө найман сар засаглаад унахад нь айлууд гаднаа гарцан, энэ Р.Гончигдорж нар ямар муухай улс вэ гээд л бөөн яриа болсон юм гэнэ лээ.

Р.Гончигдорж яг энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших үнэнхүү амбицтай, ер нь ч сонгогдох магадлалтай нэгэн байлаа. Нэр дэвших цаг нь ирэхэд хүсэхэд хясна гэдэг шиг юм болж, нам нь түүний ид загатнаж байгаа газар нь маажаад өгөх ганц хуруу ч гүй болсон байв.

Дээрээс нь Ж.Наранцацралтыг унагаах процессын гол автор байдаг. Гэхдээ энэ суудлыг түшиж очихоос өөр сонголт үнэндээ МСДН-чуудад үлдээгүй. МҮАН-ынхантай үргэлж бөөр нийлж ирсэн ч туурга тусдаа бол тусдаа.

Дайсан болж ирсэн МСДН-ын гишүүд энэ гэрлэлтэнд ихэд итгэлгүй хандаж, шийдвэр гаргах эрх мэдэлтэй бага хурлын дийлэнхэд бид алга гэж үзэж байлаа. Баабар, П.Улаанхүү, А.Ганбаатар нарын лидерүүд эвсэхгүй талыг манлайлж байсан юм.

Элдэв гаргалгаа гаргахдаа гаргууд Р.Гончигдорж нар юу ч болгосын бүү мэд нэг мэдэхэд гэрлэхээр болсон байв. Ерөнхийлөгчийн сонгуульд ялчихмаар харагдаад байсан тул эсрэг бодолтой байсан нөхөд нь ч тэгэсгээд дуугуй болох нь болж, алга болох нь алга боллоо.

Гэрлэхгүй гээд явж байсан хэдэн гишүүд нь толгойлогчгүй болсон тул нөгөө хэдийгээ дагаад МҮАН дээр очлоо. Ингэж шинэ Ардчилсан Нам мэндэлж байсан түүхтэй.

Гэрлэлтийн дараах үе

Эр, эм хоёр гэрлээд нэг их удалгүй хэрэлдэж эхэлдэг нь бараг жам ёсны зүйл. Найр хурим дуусаад л хоёул үлдэнэ. Шал өөр өөр гэр бүлд өссөн байдаг тул доор хаяхад л нэг нь хэнэг ч гүй түүхий ус хутгаад уухыг хараад нөгөө нь “чи чинь яаж байна аа” гээд эхэлнэ.

Яг үүн шиг л юмнууд өрнөлөө. Шинэ нам тул шинээр дүрмээ бичнэ, логогоо хийнэ гэв. За тэгвэл манай МСДН-ыг мартуулах гээд байна уу та нар, манай логог авна шүү  гээд л бөөн хэлэлцээрүүд эхэлсэндэг.

Хамгийн гол МСДН-ын үнэт зүйл нь СоцИнтерний гишүүн нам байлаа. Эндээ байхын тулд бүүр алиа заалт дүрмэндээ оруулах гэж дайрсаар оруулав, Энэнээс болж шинэ нам маань барууны ч мөн бас зүүний ч мөн тийм нам болж хувирав.

Харин дүрмэн дээр бол аль шилдгүүд маань ажилласан тул ардчилсан намыг богинохон хугацаанд сонгуулийн нам болж хувиргах шийдэлтэй механизм маш түргэн ажиллаж хүчирхэгжүүлж чадсан юм. Ардчилсан Нам одоо нийгмийн гол ачааг хоёр намын нэг нь болсон. Энэ цаг үед илүү их хариуцлагатай байх цаг ирлээ.

 

Мажигийн ТУНГАЛАГ