Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын удирдах зөвлөлийн хурлыг Монгол Улс амжилттай удирдан явуулав

ikon.mn
2018 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

АНДСХАБ-ын шийдвэр гаргах эрх бүхий дээд байгууллага болох гишүүн орнуудын төлөөлөл бүхий Удирдах зөвлөлийн хурал  2018 оны 11 дүгээр сарын 11-нээс 13-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдав. Энэ удаагийн хурлыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбатын удирдлага дор зохион байгуулагдлаа.

Хуралд Бангладеш, БНХАУ, Иран, Монгол, Пакистан Перу, Тайланд, Турк  зэрэг улсын удирдах түвшний төлөөлөгчид оролцож, нийт 18 багц асуудлыг авч хэлэлцэн шийдвэр гаргалаа.  Мексик Улс ажиглагч гишүүнээр оролцлоо.

Хурлаар тус байгууллагын 2017 оны үйл ажиллагааны, санхүүгийн болон аудитын хорооны тайлан, төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн үйл явцтай танилцаж, 2019 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болон техник, эдийн засгийн судалгаа хийх төслүүдийн жагсаалтыг гарган, мөн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө,  төсвийг хэлэлцэн баталлаа.

Зөвлөлийн хурлаар “АНДСХАБ-ын үзэл баримтлал - 2030” баримт бичгийг хэлэлцүүлэн, баталсан нь АНДСХАБ-ын хөгжлийн түүхэн дэх томоохон дэвшлийн нэг болж хөгжлийн шинэ гарааны эхлэл боллоо гэж үзэж байна.
 
Тус байгууллагын Боловсрол, сургалтын төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд БНХАУ-ын Баруун хойд Политехникийн их сургууль, Харбины технологийн институцитэй хамтран ажиллах гэрээг хянан баталгаажуулж, Нарийн бичгийн албанд гарын үсэг зурах эрхийг олголоо.
 
Түүнчлэн АНДСХАБ болон Хятадын үндэсний сансрын агентлаг, Цаг уурын газар хоорондын хамтран ажиллах гэрээ, Олон улсын сансрын нисэгчдийн холбоотой байгуулах санамж бичиг, Европын сансрын агентлагтай байгуулах хэлэлцээ зэрэг баримт бичгүүдийг тус тус баталсан байна.
 
Дараагийн буюу Удирдах зөвлөлийн 13 дахь хурлыг 2019 оны 11 дүгээр сард Монгол Улсад зохион байгуулахаар тогтлоо.