Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хоолны хэнхэг туссан Японы марафон гүйлтийн тамирчин хорих ялаар шийтгүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа Японыг төлөөлөн оролцож байсан марафон гүйлтийн тамирчин хоол идэх хэнхэгтэй болж, хэд хэдэн удаа дэлгүүрээс хүнс хулгайлсан хэргээр шийтгүүлжээ.

Даваа гарагт Маебаши дүүргийн шүүх 36 настай Юмико Харад нэг жил шоронд хорих, дөрвөн жил тэнсэн харгалзах ял оноох шийдвэр гаргасан байна.

Тэрээр хэд хэдэн удаа дэлгүүрээс хоол хүнс хулгайлаад баригдсан юм. Тухайлбал өнгөрсөн хоёрдугаар сард тэр Гунма мужийн нэгэн дэлгүүрээс 382 иений ($3.40) үнэ бүхий ууттай чихэр хулгайлаад баригдсан байна.

Хара хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа Япон улсыг төлөөлөн оролцож, Нагоя, Осака, Хоккайдод болсон марафоны уралдаануудад түрүүлж байжээ.

Тэр өмнө нь 2017 оны долдугаар сард мөн л дэлгүүрээс хулгай хийсэн хэргээр шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ял сонсож байв.

Шүүхийн шийдвэрийн дараа Хара хэвлэлийн хурал зарлаж, яагаад ийм байдалд хүрснээ анх удаа ний нуугүй дэлгэсэн байна. Спортоор хичээллэж эхэлсэн цагаас нь эхлээд түүний дасгалжуулагч багш нар хоол хүнс, биеийн жинг нь хатуу хянадаг байжээ.

Өдөрт зургаа хүртэл удаа жингээ хэмжүүлж, зөвхөн дасгалжуулагчийнхаа нүдэн дээр хоол иддэг байсан гэнэ. Мөнгө, хэтэвчийг нь хураан авч, хоол хүнс өөрөө худалдаж авах боломжгүй болгодог байсан аж.

Нэг үгээр хэлбэл хүнийг биш, тэжээвэр амьтныг бэлтгэж байгаа мэт багш нар нь түүнтэй харьцдаг байснаас ийм байдалд хүрсэн гэж Хара ярьжээ.

Мөн жингээ хязгаарлахын тулд зохиомлоор бөөлжиж идсэн зүйлээ гаргадаг байснаас хоол идэх хэнхэг өвчтэй болж хувирсан гэнэ. Тиймээс өлөө дарахын тулд Хара дэлгүүрээс хүнс хулгайлж идэхээс өөр замгүй болжээ.

Эцэст нь Хара өөртэй нь адил эмгэгтэй болсон хүмүүс байвал хүмүүсээс нуулгүй, ил гаргах хэрэгтэйг уриалсан байна. 

 

Эх сурвалж: Mainichi