Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дүүг нь цэцэрлэгт оруулахын тулд эцэг, эх нь авлига өгсөн гэж 10 хүүхэд тутмын хоёр нь хэлжээ

А.Үлэмж, iKon.mn
2018 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Сургуулийн захирлууд авлига авсан 10 гаруй хэрэг АТГ-т шалгагдаж байна-

Боловсролын салбар дахь авлига, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар төрийн болон төрийн бус байгууллага, судлаач, иргэдийн төлөөлөл өнөөдөр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлгээр боловсролын салбар дахь авлигын нөхцөл байдал, үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх талын оролцоотойгоор хангах, гарц гаргалгааны талаар албаныхан ярилцаж байна.

Боловсролын салбар нь авлигаас ангид байх зүй ёсны шаардлага үүссэн

2018 онд боловсролын салбарт хийсэн шалгалтаар авлигын түвшин 67 хувьтай гарчээ. 

Боловсролын салбар дахь авлига нь

  • Оюутны дүн засах
  • Хууль бус төлбөр хурааж авах
  • Цэцэрлэгт хүүхэд элсүүлэх
  • Ажлын байранд зуучлах
  • Хуурамч тендер зохион байгуулах зэргээр илэрдэг байна. 
 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү "Аливаа улс орны боловсролын тогтолцоо авлигаас ангид байх ёстой. Иргэдийн хувьд боловсролын салбар дахь авлигыг томоохон зүйл биш гэж үздэг. Гэтэл бодит байдал дээр мөнгөн дүнгээр үнэлэхээргүй их хэмжээний хохирлыг үзүүлж байдаг. Боловсролын салбар нь авлигаас ангид байх зүй ёсны шаардлага үүсэж байгаа учраас үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд өнөөдөр энэхүү хэлэлцүүлгийг хийж байна" гэлээ.

Хэн нэгэн ажил, сургуульд шалгалтгүйгээр оруулна гэвэл хүүхдүүдийн 50 хувь нь "Зөвшөөрнө" гэжээ

Хэлэлцүүлгийн үеэр Хүүхдийг ивээх сангийн Хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрийн зохицуулагч Э.Цолмон “Өсвөр үеийнхний дуу хоолой-2: Шударга ёс, авлига, ашиг сонирхлын зөрчил” судалгааны онцлох үр дүнгээс танилцуулав.

Тус судалгааг Монгол дахь Хүүхдийг ивээх сан, Өсвөр үеийнхний дуу хоолой бүлгийн хүүхэд, залуус болон Транспаренси Интернэйшнл байгууллагатай хамтран 2017-2018 онд хийж гүйцэтгэжээ.

 
Гэрэл зургийг mpa.mn
Хүүхдүүдийн хувьд шударга байдал гэж худал хэлдэггүй, төрийн хууль дүрмийг мөрддөг, авлига авч, өгөхгүй байхыг ойлгодог байна. Гэвч өөрт асуудал тулгарсан тохиолдолд "Ямар ч хамаагүй арга ашиглан шийдвэрлэнэ" гэж хариулсан нь анхаарал татаж буй асуудлуудын нэг юм.
  • Шударга байх нь баян байхаас чухал боловч үргэлж шударга байх боломжгүй байна гэж хүүхдүүдийн 72.1% нь үзэж байна.
  • Худал хэлдэг, хууран мэхэлдэг, хууль зөрчдөг, хээл хахуулийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс бусдаас илүү амжилттай явах талтай байдаг гэж хүүхдүүдийн 43% нь үзжээ.
  • Хэн нэгэн ажил, сургуульд шалгалтгүйгээр оруулна гэвэл хүүхдүүдийн 50.2 % нь "Зөвшөөрнө" гэжээ.
Сургууль, цэцэрлэгт орох, сурлагын түвшинг зохиомлоор нэмэгдүүлэх, анги дэвших, сургууль төгсөхөд боловсролын байгууллагын ажилтанд бэлэг өгөх явдал байсаар байгааг судалгааны дүн харуулжээ.
  • Судалгаанд оролцсон 10 хүүхэд тутмын хоёр нь дүүг нь цэцэрлэгт оруулахын тулд эцэг, эх нь авлига өгсөн гэжээ.
  • 5 болон 9-р анги төгсөхөд анги төгсгөлөө гэж хүүхдүүдийн 44.7% нь багш, эсвэл сургалтын менежерт бэлэг, эсвэл мөнгө өгч байсан байна.
Багш нар хичээлд хамаарахгүй ном, захиалгын сонин, сэтгүүл, тасалбар болон бусад эд зүйлс авахыг санал болгодог хэвээр бөгөөд хэрэгцээгүй зүйл хүчээр худалдан авах нь олон хүүхдэд дарамт учруулдаг байна.
  • Таагүй санагдах ч татгалзвал багш өөрөөр хандаж магадгүй гэж хүүхдүүдийн 14.6% нь үзжээ. Энэ нь зарим хүүхдэд багш давуу байдал олгодог болохыг харуулж байна. Багшийн зүгээс сурагчдын хэн нэгэнд нь давуу байдал олгохоос үүдсэн сэтгэлийн зовуурьтай байх үе олон хүүхдэд тулгарч байжээ.
  • Хүүхдүүдийн 69.5% нь өнгөрсөн улиралд бусдад дээрэлхүүлж, доромжлуулсан гэсэн ба 15% нь багшид, 5.6% нь сургуулийн ажилтанд дээрэлхүүлж, доромжлуулснаа илэрхийлсэн байна. 
Авлигыг мэдээлж, авлигатай тэмцэх хүсэл зоригийн биелэлт нь мэдээлэгчийг хамгаалдаггүй тул мэдээлснээр өөрт нь ирэх дарамтаас шалтгаалж хэрхэн мэдээлэхээ мэдэхгүй байгаагаа хүүхдүүд илтгэжээ.
  • Хүүхдүүдийн 18.3% нь "Мэдээллээ гээд ямар ч нэмэргүй", 9.9% нь "Намайг хамгаалахгүй учраас би мэдээлэхээс айж байна" гэж хариулсан байна.
  • 14% нь "Хаашаа, хэрхэн мэдээлэхээ мэдэхгүй байна" гэжээ. 
"Энэ жил АТГ-т Боловсролын салбартай холбоотой 100 гаруй өргөдөл гомдол ирсэн"
 
Гэрэл зургийг mpa.mn

Хэлэлцүүлгээр үргэлжлүүлэн Боловсролын салбар дахь авлигын гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцөлийн талаар АТГ-ын судалгаа, шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяр илтгэл тавив.

Тэрбээр "Боловсролын салбар дахь авлигын нөхцөл байдал маш хүнд байна. Энэ салбарт ажиллаж байгаа удирдах албан тушаалтнууд болон багш нар авлига авдаг, ажлын байрны дарамт үзүүлдэг, төсвийн хөрөнгийг үргүй зарцуулж, хувьдаа ашигладаг, сургуулийн захирал нь хахууль авч сурагч, ажилтныг авдаг гэх зэрэг олон асуудал байна. Энэ нөхцөл байдал ерөөсөө буурахгүй байгаа.

Үүний шалтгаан нь боловсролын салбарын бодлого тогтворгүй, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу, чанаргүй олон сургуультай гэх мэт удирдлага, менежментийн асуудлаас болж байна. Мөн боловсролын салбарын ажилчдын цалин хөлс тааруу байгаа нь сурагч, ажиллагчдаасаа авлига авах үндэс болдог. Боловсролын салбарт ажиллагчдын ёс зүйн асуудал мөн хөндөгдөх ёстой. Өөрсдөө боловсрол тааруу, ёс зүйгүй хүмүүс хүнийг яаж хүмүүжүүлж, боловсруулах билээ.

Энэ жил АТГ-т Боловсролын салбартай холбоотой 100 гаруй өргөдөл, гомдол ирсэн. Үүнээс сургуулийн захирлууд авлига авсан 10 гаруй хэрэг байгаа. Ер нь энэ төрлийн гомдол, өргөдөл тасардаггүй. Илэрхий мэдэгдсэн нь ийм байгаа ч далд хэлбэрээр хэн, хэдийг авсныг тэр болгон илрүүлж чадахгүй байгаа" хэмээн ярилаа.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Хяналт шалгалтын явцад илэрч буй зөрчлүүдийн ихэнх нь гүнзгийрүүлсэн сургалт нэрийн дор эцэг, эхчүүдээс хууль бусаар төлбөр хураамж авах явдал байдаг. Мөн хүүхдээс анги танхимын засвар, ангид шинэ бараа худалдаж авах гэх зэргээр мөнгө хураадаг зөрчлүүд багагүй илэрдэг.

2018 онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас авлига, албан тушаалын шинжтэй есөн хэргийг АТГ-т шилжүүлсэн. Бид тухайн зөрчил гаргасан сургуулийн захирал, эрхлэгч нарыг ажлаас нь чөлөөлөх, халах, сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авахыг тухайн эрх бүхий байгууллагуудад нь санал болгож ажилладаг" гэв.