Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын радио станцууд бэлгийн дарамтыг дүрсэлсэн шалтгаанаар сонгодог дуунаас татгалзаж эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Жилийн энэ өдрүүдэд Америк даяар зул сарын баяртай холбоотой дуунууд радиогоор тасралтгүй эгшиглэж байдаг.

Тэгвэл энэ жилээс эхлэн сонгодог бүтээлд тооцогддог нэгэн дуу радиогоор цацагдахаа больж байна. 1944 онд зохиогдож байсан “Baby, It’s cold outside” дуу нь эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлж буй агуулгатай гэсэн шалтгаанаар ийнхүү баярын дууны жагсаалтаас хасагдаж байгаа ажээ.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Охайо мужийн бүх радио станцууд сонсогчдын хүсэлтээр энэ дууг дамжуулахаа больж байгааг зарласан байна.

Дараа нь АНУ даяар хэд хэдэн станцууд, мөн Канадын радио зул сарын баярын дууны жагсаалтаасаа хассан гэнэ.

Энэ дууны үгний талаар шүүмжлэл эртнээс яригддаг байсан бол сүүлийн нэг жил гаруй хугацаанд өрнөсөн #MeToo хөдөлгөөний улмаас хориглох шаардлага нь улам хүчтэй болсон юм байна.

“Baby, It’s cold outside” хоршил дуунд эрэгтэй нь эмэгтэйгээ хоноод явахыг ятгаж байгаа тухай өгүүлдэг.

1944 онд Фрэнк Лоссерын зохиосон энэ дуу 1950 онд “Neptune’s Daughter” киноны дуу болж Оскарын шагнал хүртэж байжээ.

Тэр цагаас хойш олон алдартай дуучид өөр өөрийн хувилбараар дуулж, зул сарын үеэр эгшиглэдэг сонгодог бүтээл болоод байсан юм.

Тэгвэл цаг үеийн шаардлагаар домогт бүтээлийг нийтэд сонсгохыг хориглож эхэллээ.

Эх сурвалж: AFP