Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдүүдийн 80 хувь нь эцэг, эхчүүдээсээ амьсгалын замын өвчний халдвар авдаг байна

Т.Саран, iKon.mn
2018 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
  • Эрүүл мэндийн яам,
  • Нийслэлийн эрүүл мэндийн газар,
  • ХӨСҮТ,
  • Дүүргийн эмч, мэргэжилтнүүд томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/361865514548560/

жирэмсэн эмэгтэйчүүд, тав хүртэлх насныхан мөн олон нийттэй харилцдаг эмнэлэг, цагдаа онцгойгийн ажилчдыг түлхүү томуугийн вакцинд хамруулаад байгаа 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү  "Жирэмсэн эмэгтэйчүүд, тав хүртэлх насныхан мөн олон нийттэй харилцдаг эмнэлэг, цагдаа онцгойгийн ажилчдыг түлхүү томуугийн вакцинд хамруулаад байгаа Монгол Улс 156 цэгээс сорьц авч шинжилдэг. Одоогийн байдлаар томуугийн жинхэнэ вирус Монгол Улсад эргэлтэд ороогүй байна" гэв.

Улсын хэмжээний амбулаториор үйлчлүүлж байгаагаас иргэдийн 5.3 хувь ханиад томуугийн шалтгаантай байна. Гэхдээ зарим орон нутагт 10 хувь давсан үзүүлэлт бас байгаа бөгөөд тэдгээр аймагт томуугийн эсрэг үйл ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатай байгаа талаар хурлын үеэр дурдаж байлаа. 

Хүүхдүүд сургууль, цэцэрлэг дээрээс халдвар авдаг учраас энэ жил сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оруулсан. Тиймээс гэртээ байгаа хүүхдүүдээ эрүүл байлгахын тулд гэрээ дулаан байлгах, чанартай хоол хүнс, тогтмол ариутгал, чийгшүүлэлт хийж байх ёстой мэргэжилтнүүд хэлсээр байна.  

Томуугийн улирал эхэлсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг хэрэгжүүлж байгаа талаар хэвлэлийн хуралд оролцогчид хэллээ. 

Үүнд: 

  • Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлгүүдэд 7 хоног тутам хуваарийн дагуу ажиллаж, тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж байна.
     
  • Хүүхдийн орны тоог нэмэхэд анхаарч нэмэлт ор дэлгэх, насанд хүрэгчдийн орыг шилжүүлэх зэргээр зохицуулалт хийх болон шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг хангаад байна. Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах, хүүхдийн эмнэлэг, хүүхдийн түргэний зөвлөгөө өгөх утсыг 24 цагаар ажиллуулж байна.
     
  • Улсын хэмжээнд 125,000 хүн тун томуугийн вакциныг татан авч нийслэлийн 194 цэцэрлэгийн 2-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан, эрүүл мэндийн ажилтныг дархлаажуулжээ. 
     
  • Томуу, томуу төст өвчний үүсгэгчийн онцлог, зонхилон илрэх шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх арга, эмчилгээний энгийн аргуудын талаар ЭМЯ, ХӨСҮТ, НЭМҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газрын цахим хуудас, нийгмийн сүлжээний хуудсаас дэлгэрэнгүй мэдээллийг авч болох ажээ. 

1. Дэлхий дахинд: 

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүсийн улс орнуудад томуугийн идэвхжил улирал хоорондын түвшинд байна. Өмнөд болон Зүүн Өмнөд Азийн улс орнуудад томуугийн идэвхжил нэмэгдэж байна. Дэлхий дахинд томуугийн A хүрээний вирус эргэлтэд байна.

2. Улсын хэмжээнд:

 2018 оны 11 дүгээр сарын 26-наас 12 дугаар сарын 02-ныг дуусталх долоо хоногт улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 5.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 0.2 хувиар их, сүүлийн 3 жилийн дунджаас 0.9 хувиар бага байна.

Хүн амын дунд томуугийн вирус эргэлтэд ороогүй харин амьсгалын замын синцитиаль вирус, риновирус зонхилон давхар эргэлтэд байна.

3. Нийслэлийн хэмжээнд:

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгийн 4.4 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өмнөх долоо мөн үетэй ижил түвшинд, өнгөрсен оны мөн үеэс 0.1 хувиар их, сүүлийн 3 жилийн дунджаас 2.8 хувиар бага байна.

Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн 977 хүүхдийн орон дээр нэмэлтээр 334 зөөврийн орыг нэмж зохицуулалт хийсэн ба одоогийн байдлаар 1,311 хүүхэд (үүнээс 1,059 нь амьсгалын замын халдварт өвчтэй) хэвтэн эмчлүүлж байна гэлээ. 

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын мэдээлэлд "Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд хэвийн үед 977 оронд өвчтөн авч үйлчилдэг. Үүн дээр томуу томуу төст өвчний өвчлөлийн үед 800 орыг нэмэлтээр гаргаад байна. Өнөөдрийн байдлаар 1,311 хүүхэд эмнэлэгт хэвтэж үйлчлүүлсэн байна. 

Нийт өвчлөгсдийн 41.6 хувийг 0-2 насны хүүхдүүд эзэлж байгаа. Энэ насны хүүхдүүдийн пнемоккокын вакцинжуулалт 86 хувьтай байгаа бөгөөд энэ вакцин нь хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлдэг. 

Томуу, томуу төст өвчний тархалт Улаанбаатар хотод 4.4 хувьтай байгаа нь өмнөх онуудын энэ үетэй харьцуулахад бага байна" гэлээ. 

БГД-ийн ЭМТ-ийн дарга н.Батжаргал "Олон нийтийн сүлжээгээр буруу ташаа мэдээлэл тархаж байна. Манай дүүрэг энэ жилийн хувьд 300 гаруй оронд хүүхэд хүлээн авч эмчлэх боломжтой байгаа. Гэтэл хоёр жилийн өмнөх буюу 140 ортой байхдаа 280 гаруй хүүхдийг хүлээн авч эмчилж байсан үеийн зургийг олон нийтийн сүлжээгээр тараагаад иргэдийг бухимдуулаад байна. 

Монголын хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдээ буруутгахаасаа илүү дэмжиж ажиллаач ээ гэж уриалмаар байна. Бидний зүгээс шүүмжлэлийг хүлээж авахад бэлэн гэхдээ бас бодит мэдээлэл дамжуулах хэрэгтэй" хэмээн ярилаа.

Мөн хурлын үеэр холбогдох мэргэжилтнүүд "Хүүхдүүдийн 80 хувь нь эцэг,  эхчүүдээсээ халдвар авдаг"​ талаар судалгаа байдаг. Тиймээс хүүхэддээ халдвар тараахгүйн тулд насанд хүрэгчид өөрсдөө тогтмол  гараа  угаах, амаа зайлах, гэр, орондоо ариутгал цэвэрлэгээ, чийгшүүлэлт хийж байх шаардлагатай гэлээ.