Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийд анх удаа нас барсан донорын умайг шилжүүлэх аргаар хүүхэд төрүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Анагаах ухааны түүхэнд анх удаа нас барсан донороос умай шилжүүлж авсан эх эрүүл хүүхэд төрүүлжээ.

Эхэд донорын умайг шилжүүлэн суулгах хагалгааг хоёр жилийн өмнө Бразилд гүйцэтгэж байсан ба хүүхэд нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Сан Пауло хотод төрсөн юм байна. Харин хүүхдийг нь нэг нас хүрсний дараа “The Lancet” анагаах ухааны сэтгүүл үр дүнг өчигдөр мэдээлжээ.

Өнөөдрийг хүртэл умайдаа үр тогтоох чадваргүй эмэгтэйчүүдэд хоёр сонголт байсны нэг нь бусдаас хүүхэд өргөж авах, нөгөөх нь тээгч эх хөлслөх байсан юм.

Тиймээс нас барсан донорын умайг шилжүүлэн суулгах замаар хүүхэд төрүүлж болдог болсон нь анагаах ухааны хувьд том дэвшил болж байна.

Амьд донорын умайг шилжүүлэн суулгасны үр дүнд эрүүл хүүхэд төрүүлсэн анхны туршилтыг 2013 онд Шведэд гүйцэтгэж байжээ. Тэр үеэс хойш ийм замаар 10 хүүхэд мэндлээд байгаа.

Гэвч энэ аргаар хүүхэд төрүүлэхэд донорын хомсдол өндөр байдаг юм. Харин одоо нас барсан хүний умайг ашиглах боломжтой болж байна. Нас барсан донорын умайг шилжүүлэх оролдлогыг өмнө нь АНУ, Чех, Турк улсуудад 10 удаа хийж байсан ч амжилтгүй болж байжээ.

Нийт хосуудын 10-15 хувь нь үргүйдлийн асуудалтай байдаг гэсэн тоо бий. Энэ дотроо 500 эмэгтэй тутмын нэг нь умайн асуудлаас шалтгаалан хүүхэд тээх, төрүүлэх боломжгүй байдаг ажээ. 

Дээр дурдсан тохиолдолд төрөлхийн умайгүй 32 настай эмэгтэйд 45 насандаа зүрхний шигдээсээр нас барсан эмэгтэйн умайг шилжүүлэн суулгасан байна.

Шилжүүлэх хагалгаа 10 гаруй цаг үргэлжилж байжээ. Хагалгаанаас хойш таван сарын дараа эхийн бие махбод умайг хүлээн зөвшөөрч, сарын тэмдэг илэрч эхэлсэн байна. Долоон сарын дараа урьдчилан хөлдөөсөн үрийг умайд суулгаж, үүнээс 10 хоногийн дараа үр тогтсон тухай сайхан мэдээг эмч нар дуулгаж байжээ.

Ингээд 36 долоо хоногийн дараа 2.5 кг жинтэй охиныг хийсвэр хагалгаагаар төрүүлж чадсан байна. Хийсвэр хагалгааг хийхдээ донорын умайг эхийн биенээс буцааж салгажээ. Ингэснээр эх нь умайг хэвийн ажиллуулахын тулд дархлааг дарангуйлах хүчтэй эм хэрэглэх шаардлагагүй болж байгаа юм.

Туршилтын тайланг хэвлүүлэхээр сэтгүүлд илгээж байх үед охин хөхөөр хооллож, 7.5 кг жинтэй болоод байжээ.

 

Эх сурвалж: AFP