Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Тагнуулын даргын мэдээллийн дараа сэтгүүлчийн аллагад Саудын ханхүү буруутай нь улам тодров

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Тагнуулын Төв Газрын захирал Жина Хаспел өчигдөр сенатын хэсэг гишүүдэд сэтгүүлч Жамал Хашоггийн аллагад Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү оролцсон эсэх талаар нууц мэдээлэл өгсөн байна.

Хаалттай хаалганы цаана болсон уг сонсголд сенатын гадаад харилцаа, зэвсэгт хүчин, тагнуулын байнгын хороодын зарим гишүүд оролцжээ.

Сонсголын дараа сенаторууд хоёр сарын өмнө Туркийн Истанбулд болсон аллагын цаад захиалагч нь Саудын ханхүү мөн гэдэгт улам итгэлтэй болсноо сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Тухайлбал гадаад харилцааны байнгын хорооны дарга, сенатор Боб Коркер “Угсаа залгамжлах ханхүү аллагыг захиалж, хянаж, юу болсныг сайн мэдэж байсан гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Энэ бол урьдчилан төлөвлөсөн ажиллагаа. Хэрвээ ханхүү шүүхийн өмнө очвол 30 минутын дотор буруутай нь тогтоогдоно” гэж ярьжээ. Тэр цааш нь ярихдаа "Саудын Араб бол манай стратегийн түнш, энэ харилцаагаа хадгалах ёстой. Гэхдээ үүний төлөө бүгдийг зориулж болохгүй" гэсэн юм.

Мөн сонсголын дараа сенатор Линдси Грэм хэлэхдээ “Ийм зохион байгуулалттай ажиллагаа Саудын ханхүүгийн оролцоогүй хэрэгжих боломж бараг байхгүй” гэсэн байна.

Өнгөрсөн наймдугаар сард нас барсан сенатор Жон Маккэйны шадар хүн гэгддэг тэрээр “Хэрвээ Жон Маккэйн амьд байсан бол өнөөдөр надтай ижил байр суурьтай байна гэдэгт би итгэлтэй байна. Хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлж, бүс нутгийг тогтворгүй болгож байгаагийнх нь төлөө ханхүүг гэсгээн шийтгэх үйл хэргийн тэргүүнд тэр явах байсан нь тодорхой” гэж нэмж хэлжээ.

Жина Хаспелын сонсголыг арав хүрэхгүй тооны сенаторуудын дунд хаалттай явуулсан нь бусад хууль тогтоогчдыг бухимдуулсан байна.

Тухайлбал сенатор Рэнд Пол уг сонсголыг бүх сенаторуудын дунд зохион байгуулах ёстой байсан, эрх баригчид үнэнийг нуун дарагдуулахыг оролдож байна хэмээн хүчтэй шүүмжилсэн юм.

Сонсголын дараа мэдээлэл хийсэн Коркер түүний шүүмжлэлийг хүлээн зөвшөөрч “Сенат бүхлээрээ энэ сонсголд суусан бол сайн байсан гэж би бодож байна. Яагаад хязгаарлагдмал хүрээнд зохион байгуулсныг би мэдэхгүй байна” гэжээ.

 

Эх сурвалж: ABC news