Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

БЗД-т уурын зуухны утааг цэвэршүүлэх технологи туршиж байна

Т.Саран, iKon.mn
2018 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 102 дугаар дунд сургууль дээр ажиллалаа.

Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 102 дугаар дунд сургууль нь уурын зуухаар халаалтаа авдаг бөгөөд утаа ихтэй бүсэд байрладаг юм. Иймд өнгөрөгч 8 дугаар сараас эхлэн БНХАУ-ын Шанхай хотноо үйл ажиллагаа явуулдаг АНУ, БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай “Демистра” ХХК-ийн уурын зуухны утааг цэвэршүүлж шүүдэг, цахилгаанаар ажилладаг төхөөрөмжийг суурилуулан туршиж эхэлжээ. Уг төхөөрөмжийг турших ажлыг Монгол, Солонгосын хамтарсан “Монкутроамин” ХХК хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Уурын зуухнаас гарч буй хүхэр, азот, нүүрстөрөгч зэрэг хийг 95 хувь цэвэршүүлэх хүчин чадалтай энэ төхөөрөмжийг БНХАУ-д өргөн хэрэглэдэг. Утааг химийн уусмалтай урвалд оруулснаар цэвэршүүлж, чийглэг уур болгон агаарт дэгдээдэг. Энэ технологи манайх шиг хаврын цагийн хувьсамтгай уур амьcгалтай оронд тохиромжтой. Төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой гэдгийг Усны бохирдлын Үндэсний хорооны Ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн дарга Б.Төмөрчулуун танилцууллаа.

Туршилт амжилттай болвол нийслэлийн 3,000 орчим уурын зуух болон хөдөө, орон нутгийн уурын зуухнуудад суурилуулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нар Эрчим хүчний яам, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Усны бохирдлын Үндэсний хороо болон бусад байгууллагуудын төлөөллийг оролцуулсан Ажлын хэсгийг байгуулж, уг төхөөрөмж нь техникийн хувьд Монгол Улсын стандарт, нормыг хангаж байгаа эсэх, агаарын чанарын үзүүлэлт зэргийг шалгаж, дүгнэлт гаргаж, танилцуулахыг холбогдох албаны хүмүүст даалгалаа.

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс