Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Японы эрдэмтэн Нобелийн шагнал авахаар явахаасаа өмнө насаараа үйлчлүүлсэн үсчиндээ очжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Энэ жилийн анагаах ухааны Нобелийн шагналын эзэн болсон Японы эрдэмтэн Тасуку Хонжо энэ долоо хоногт шагналаа авахаар Шведийн нийслэлийг зорьж байгаа юм.

76 настай эрдэмтэн өнгөрсөн Ням гарагт сүүлийн 50 гаруй жил үйлчлүүлж байгаа Киотогийн нэгэн үсчинд очиж үсээ засуулж, бэлтгэлээ хангасан байна.

Түүний үсийг 81 настай Коичи Уеда засаж өгчээ. Киотогийн их сургуулийн профессор олон жил үсийг нь засаж байгаа Уедагаас “Чиний гар салгалдаг болжээ. Тэтгэвэрт гарах тухай бодож байна уу?” хэмээн энэ үеэр асууж байсан гэнэ.

Уедагийн үсчний газар Киотогийн их сургуулийн дэргэд байрладаг. Одоо өндөр настай үсчин энд хүүгийн хамт ажилладаг ажээ.

Уеда профессорын тухай “Тэр санаа бодлоо нээлттэй илэрхийлдэг оюутан байсан” гэж анх уулзаж байсан үеэ дурссан байна. Үс засаж, засуулж байхдаа тэд 1970-аад оны оюутны бослогооос эхлээд бэйсболын тухай өргөн сэдвээр ярилцжээ.

“Тэр бусдыг сайн сонсдог тул ярилцахад таатай байдаг. Түүнийг шагнал авсанд би маш их баяртай байна” гэж ахмад үсчин Уеда ярьсан байна.

Хонжо нь Японы 26 дахь Нобелийн шагналтан болж байгаа ба түүний судалгаа хорт хавдрыг эмчлэх үйлсэд чухал тус нэмэр болсон юм байна.

 

Эх сурвалж: Kyodo News