Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Говийн бүсийн нярайн тасгуудыг тоног төхөөрөмжөөр хангах 370 сая төгрөгийн төслийг эхлүүлээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Энержи Ресурс" компани, “Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй” ТББ-тай хамтран говийн бүсийн аймгуудын эмнэлэг дэх Нярайн тасгийг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах төслийг эхлүүллээ. Нийт 370 сая төгрөгөөр хэрэгжих төслийн санхүүжилтийг өнөөдөр "Энержи Ресурс" компаниас албан ёсоор гардуулж өгөв.

"Хүүхдийн эрүүл мэнд, хамгааллын чиглэлд "Энержи Ресурс" тэрбум төгрөгийг хандивласан"

"Энержи Ресурс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл "Өнөөдөр "Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй" ТББ-тай хамтарч ажиллахаар хандивыг гардуулж өглөө. 

Тус ТББ-аас говийн бүсийн аймаг, сумдын эмнэлгийн Нярайн болон хүүхдийн тасгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийг хэрэгжүүлж, манай компани санхүүжүүлэхээр тогтсон. Нийт 370 сая төгрөгийн тусламж үзүүллээ.

Бид "Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй" ТББ-ын залуучуудыг сэтгэлээрээ олон жил зүтгэснийг нь үнэлж, цаашид төслийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байгаа учраас хамтран ажиллахаар болсон юм. 

 
Гэрэл зургийг mpa.mn

2018 он манай компанийн хувьд их онцлогтой жил болж байна. "Ухаа худаг" төслийг монгол залуучууд гардан хэрэгжүүлсний 10 дахь жилээ тэмдэглэж байна. Ойн арга хэмжээний хүрээнд нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудад анхаарч ажиллахаар шийдсэн. 

Тухайлбал, сарын өмнө "Лантуун дохио" ТББ-ын хэрэгжүүлж буй төслийг дэмжиж, 700 сая гаруй төгрөгийн тусламжийг хандивласан. Өнөөдөр "Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй" ТББ-д мөн тусламж үзүүлснээр нийт тэрбум төгрөгийг зөвхөн хүүхдийн эрүүл мэнд, ирээдүй, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд "Энержи Ресурс" компани зарцуулж байгаадаа баяртай байна" гэлээ.

Төслийг хэрэгжүүлэх “Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй” ТББ-ын зүгээс аймгуудын эмнэлгийн үйл ажиллагаа, бодит байдалтай нь танилцаж, судалсны үндсэн дээр нэн тэргүүнд шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг олгохоор бэлтгэж байгаа аж. 

"ЭХНИЙ ЭЭЛЖИНД ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН НЯРАЙН ТАСАГТ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ ХҮРГЭЖ ӨГНӨ"
 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар “Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй” ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Бат-Энх "Төслийн хүрээнд говийн бүсийн Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудын Нэгдсэн Эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасгуудыг тус бүр 10 гаруй тооны чухал шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах юм. 

Үүнд нярайн инкубатор, шарлагын аппарат, дуслын аппарат, билиметр (шарлалтыг хэмжихэд нярайг зүү тариураар хатгах шаардлагагүйгээр, шууд хэмжилт хийдэг төхөөрөмж) гэх мэт төсвөөс хангадаггүй, олдоцгүй, олдсон ч хүрэлцээ муутай тоног төхөөрөмжүүд багтана.

Эхний ээлжинд Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн нярайн тасагт төхөөрөмжүүдийг хүргэж өгнө. Цаашид нийт дөрвөн аймагт 2019 оны хавар хүртэл үргэлжлэн ажиллана.

Хөдөө, орон нутгийн эмнэлгүүдэд наад захын шаардлагатай тоног төхөөрөмжүүд байхгүй, эсвэл хүрэлцээ муу байдгаас нярай эндэх, эмнэлгийн тусламж хожимдож авах, өвчин нь хүндрэх тохиолдлууд маш их байсаар байна. Ийм хүндрэлтэй байдлыг өөрчлөхөд энэ төсөл бодит дэмжлэг болох юм" хэмээн онцоллоо.

 
Гэрэл зургийг mpa.mn
“Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй” ТББ нь Монгол хүүхдүүдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр 10 дахь жилдээ ажиллаж буй, цэвэр сайн дурын гишүүдээс бүрдсэн, ашгийн бус байгууллага юм. Тус байгууллага нь 2009 оноос хойш гишүүд, дэмжигчдийнхээ хандив тусламжаар 10 орчим төслийг амжилттай хэрэгжүүлжээ.