Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Samsung, Verizon компаниуд анхны 5G гар утсыг танилцуулахаар болов

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Самсунг Электроникс, АНУ-ын харилцаа холбооны Verizon компаниуд зах зээлд анхны 5G сүлжээтэй гар утсыг танилцуулахаар болсноо өчигдөр зарлажээ.

Тодорхой хугацаа зарлаагүй ч тэдний хамтарсан бүтээгдэхүүн 2019 оны эхний хагаст хэрэглэгчдийн гарт хүрэх гэнэ. Энэ долоо хоногийн сүүлээр Qualcomm компанийн Snapdragon Technology Summit чуулган болох бөгөөд энэ үеэр тэд 5G гар утасныхаа туршилтын загварыг үзүүлэх ажээ.

Шинэ гар утасны зүрх болсон мобайл процессорыг Qualcomm үйлдвэрлэх юм байна.

Одоогийн байдлаар Моторола компани Verizon-ий 5G сүлжээнд нийцэж ажиллах боломжтой Moto Z3 гар утсыг өнгөрсөн зун танилцуулсан юм. Уг утсанд 2019 оны эхээр зах зээлд гарах нэмэлт тоноглол залгавал 5G сүлжээнд холбогдох юм. 

Үүрэн холбоо төдийгүй интернэтийн ертөнцөд хувьсгал хийх 5G сүлжээ өнөөдрийн 4G LTE сүлжээнээс хэдэн зуу дахин өндөр хурдтай байна.

Одоо харилцаа холбооны компаниуд, гар утас үйлдвэрлэгчид 5G технологид түрүүлж шилжихийн төлөө өрсөлдөж байгаа.

Samsung, Verizon хоёр хамтарснаар энэ өрсөлдөөний тэргүүн эгнээнд гарах боломжтой болж байгаа юм.

 

Эх сурвалж: Mashable