Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгчүүд нэг үхрийн амийг хоёр хүний амиар солив

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Энэтхэгийн хойд мужийн нэгэн тосгоны иргэд өөрсдийнх нь хувьд шүтээнд тооцогддог амьтан болох үхэр алагдсан байхыг үзээд томоохон үймээн самуун дэгдээжээ.

Үймээн дэгдсэн Уттар Прадеш мужийн Чингравати тосгон нийслэл Делигээс 130 км зайтай байдаг. Тосгоны дөрвөн зуу орчим хилэгнэсэн иргэн хөрш тосгон руугаа халдаж, замдаа тааралдсан машинуудыг шатааж, цагдаа нартай тулгарсан байна. Энэ үеэр хоёр хүн тосгоныхонд алагдсаны нэг нь цагдаагийн ахлагч байжээ.

Хиндү шашинтнуудын хувьд үхэр нь ариун амьтанд тооцогддог бөгөөд үхэр нядалсан хүнийг шүтлэгтнүүд бөөнөөрөө шүүхээс гадуур гэсгээн цээрлүүлэх явдал үе үе гардаг.

Нөхцөл байдлыг хяналтанд авахын тулд цагдаа нар галт зэвсэг хэрэглэхэд хүрсэн байна.

Нийтдээ 10 гаруй автомашин, мотоциклийг босогчид шатаажээ. Энэтхэгийн олон мужид үхэр нядлах, үхрийн мах хүнсэнд хэрэглэхийг хуулиар хориглодог. Зарим нүгэл үйлдсэн хүмүүст бүх насаар хорих ял оноосон тохиолдол байдаг.

Үхэртэй холбоотой маргаанаар далимдуулан Хиндү шашны хэт үзэлтнүүд ислам зэрэг бусад шашны цөөнхийн эсрэг хүчирхийлэл үйлдэх явдал гардаг байна.

Өнгөрсөн онд машин замаар үхэр тээвэрлэж явсан фермер бусдын гарт алагдсан бол галт тэргэнд үхрийн мах авч явсан гэх муслим залуу хутгалуулж алагджээ.

2014 оны сонгуулиар Хиндү шүтлэг, үндсэрхэг үзэлтэй ерөнхий сайд Нарендра Модигийн Бхаратия Жаната нам ялснаар ийм үзэгдэл нэмэгдсэн гэж шүүмжлэгчид үздэг.

 

Эх сурвалж: AFP