Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Японы сүүлчийн пэйжер үйлчилгээ 50 жилийн дараа хаагдана

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Нэгэн үе харилцаа холбооны технологийн дэвшилд тооцогддог байсан пэйжер үйлчилгээний Япон дахь сүүлчийн компани үйл ажиллагаагаа зогсоох болсноо өчигдөр зарлажээ.

Tokyo Telemessage компани 2019 оны есдүгээр сард Токио хот болон түүний хөрш гурван бүс нутагт үзүүлдэг үйлчилгээгээ бүрэн зогсоох болсон байна.

“Нэг үе түгээмэл хэрэглээ байсан пэйжер өнөөдөр ердөө 1,500 хэрэглэгчтэй болоод байна” гэж тус компанийн мэдэгдэлд харамсан өгүүлжээ. Пэйжер төхөөрөмж үйлдвэрлэгч нь 20 жилийн өмнө үйлдвэрлэлээ зогсоосныг мөн мэдэгдэлд дурдсан байна.

Пэйжер 1990-ээд оны үед Японд түгээмэл хэрэглээ болж байжээ. Ялангуяа текст мессэж илгээх боломж нь дунд сургуулийн охидыг байлдан дагуулдаг байв.

1996 онд пэйжерийн хэрэглэгчийн тоо 10 сая гаруйд хүрсэн нь түүний оргил үе байжээ. Гэвч гар утасны технологийн хөгжил пэйжерийг богино хугацаанд халсан юм. Японы томоохон харилцаа холбооны компани NTT 1968 онд пэйжерийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн бол 2007 онд зогсоож байжээ.

 

Эх сурвалж: AFP