Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

“ЭХ ХЭЛЭЭ ӨВЛҮҮЛЬЕ” анхдугаар-уулзалт хэлэлцүүлэг

ikon.mn
2018 оны 12 сарын 4
iKon.MN

- Сэдэв: Монгол хэл ба хилийн чанадад амьдарч буй хүүхдүүд- 

Их Британи Улсын нийслэл Лондон хотод буй Монголчууд маань “Эх хэлээ өвлүүлье” анхдугаар уулзалт хэлэлцүүлгийг “Монгол хэл ба хилийн чанадад амьдарч буй хүүхдүүд” сэдвээр 2018 оны 12-р сарын 1-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Энэ уулзалт хэлэлцүүлгийг “Бритишэдү” боловсролын зөвлөгөөний байгууллагаас санаачилан Лондон дахь Монгол сургалтын төв (MCO)-тэй хамтран Их Британи дахь Монголчуудын Холбоо, Манчеcтер, Ноттингхам хотууд дахь Монгол сургуулийн багш нар, хэлний судлаачид, Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөлийн (ХЧМЗ) Боловсролын Хороо, Цахим Өртөө Холбоо (ЦӨX) зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулж, мэдээллийн хамтран ажиллагчаар нь Лондон дахь Жи-СтудиМН, IKON.MN, ETV-HDтелевиз ажиллалаа.

Тус хэлэлцүүлэгт, Их Британи Улсад Монгол хэл зааж буй багш, сурган хүмүүжүүлэгчид, судлаачид, эцэг эхчүүдийн төлөөлөл Шотланд, Манчестер, Ноттингхамаас хүрэлцэн ирж Монгол хэл зааж буй туршлага, заах арга барил, тулгарч буй бэрхшээлүүд болон эх хэлээ өвлүүлэхэд эцэг эх, багш нар, төрийн бодлогын гурвалсан үүрэг, уялдаа харилцааг өөрсдийн болон гадаад орнуудын жишээн дээр тулгуурлан ярилцаж, санал бодлоо солилцлоо.

 
Монгол Улсаас Их Бртани Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Н.Тулга

Хэлэлцүүлийг нээн ИБУИНХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Н.Тулга үг хэлж,  ЗГ-ын хэмжээнд гадаадад төрж, өсч буй Монгол хүүхдүүддээ эх хэлээ заах, өвлүүлэхийг дэмжсэн бодлого боловсруулагдаж, ЭСЯамдуудад иргэд, албан байгууллагуудын эх хэлээ заах, өвлүүлэх санал санаачлага, үйл ажиллаагааг дэмжих үүрэг өгснийг дурьдаад, Их Британид буй Монголчууд маань энэ ажлын түүчээ болж, хэлэлцүүлэг хийж байгаа нь тун сайшаалтай бөгөөд, цаашдын арга хэмжээнд хамтран ажиллаж, дэмжих болно гэдгээ онцлон тэмдэглэв.


Хэлэцүүлгийг анхны илтгэлээр, Мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн зөвлөх, Шотландын баруун бүсийн ерөнхий боловсролын сургуулиудад дээд боловсролын зөвлөх, “Бритишэдү” боловсролын байгууллагын боловсролын зөвлөх, Британийн мэргэжлийн хөгжлийн институтийн гишүүн П.Ууганбаяр,

“Монгол хэл: одоо ба ирээдүй” сэдвээр хилийн чанад дахь Монголчууддаа төдийгүй гадаадын иргэдэд Монгол хэлээ сурталчлах, мөн Монгол хэлийг олон улсын хэмжээний стандарт тестийн системд оруулах шаардлагатай болохыг дурьдлаа. Түүнчлэн энэ санааг бодит байдал болгохын тулд сургалтын хөтөлбөр, гадаад хүнд Монгол хэл заах багшлах боловсон хүчин нэн чухал болохыг дурьдаад энэ талаар Бритшэдү боловсролын зөвлөгөөний байгууллага УБИС болон бусад их дээд сургуулиудтай хамтран ажиллах талаар ярилцаж байгаа гэв.


ХБНГУ-ын Штуттгарт хотын “Солонго” монгол хэл соёлын сургуулийн багш, Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөлийн Боловсролын Хорооны дарга Ө.Оюунтүлхүүр,

“Хилийн чанадад үйл ажиллагаа явуулж байгаа Монгол сургуулиуд” сэдэвт цахим илтгэлээр оролцож,  Монгол хэлээ заах, өвлүүлэх нь эх хэл, соёл, уламжлалаа хадгалах нь төрийн бодлого болж буй, үүнд ХЧМЗ, Боловсролын Хороо идэвхтэйгээр хамтран ажиллаж буйг дурьдаад, одоогийн байдлаар дэлхийн нийт 18 оронд 55 Монгол сургуулиуд үйл ажиллагаа явуулж буйн 2 нь (Солонгос болон Турк) өдөр тутмын буюу байнгын ажиллагаатай байгааг, төрөлх хэлээ сурсан, хосолмол хэлтэй хүүхдүүд оюуны болон сэтгэн бодох өндөр чадвартай байдаг бөгөөд, улмаар бусад хэл, соёлоос суралцахад хялбараас гадна, өөртөө итгэлтэй, нээлттэй болон хүмүүждэг болохыг онцлон тэмдэглэлээ. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд XЧМЗ, БСШУЯ-тай хамтран ажиллаж, Монгол хэлийг хилийн чанадад заах бүрэн хэмжээний хөтөлбөр, мөн цахим хэлбэрийн хичээлүүд бэлэн болсон ба www.tsahim.reader.mn хаягаар орж Монгол хэлийг цахим ертөнцөд сурах боломж бүрдэж буйг онцлов. Түүнчлэн, дараагийн 2 жилийн төлөвлөгөө нь багшлах боловсон хүчнээ сайжруулахад чиглэх бөгөөд энэ талаар  БСШУЯ-тай хамтран ажиллах юм байна.


 
“Бритишэдү” боловсролын байгууллагын хамт олон. Зүүн гар талаас: Үүсгэн байгуулагч У.Ганзориг, Боловсролын зөвлөх Л.Эрдэнэчимэг, боловсролын зөвлөх П.Ууганбаяр, боловсролын зөвлөх М.Саранзаяа

“Namsrai Henderson консалтинг”-д зөвлөх, багш, Британийн хэл шинжээчдийн хүрээлэнгийн гишүүн, Н.Энхтүвшин,

“Эх хэлээ өвлүүлэхэд эцэг эхийн оролцоо” сэдэвт илтгэл хэлэлцүүлж, Монгол хэлээ заахад эцэг эхийн оролцоо, тэр дундаа эх хэл, соёлын орчинг амьдралынхаа өдөр тутмын хэмнэл болгох нь чухал үүрэг гүйцэтгэдэг талаар өөрийн хувийн туршлага дээрээ үндэслэн ярив. Гадаад орчны нөлөө, давхар даяаршлын явц, Англи хэлний давамгайлсан орчин, хүүхдүүдийн нас насны сэтгэхүйн онцлог зэрэг нь гадаадад буй Монгол хүүхдүүд эх хэлээ сурах явцыг улам саармагжуулдаг бөгөөд үүнийг даван туулахад эцэг эхийн нөлөө маш чухлыг дурьдлаа. Хүүхдийн эх хэлээ сурах хүсэл эрмэлзэл, эцэг эхчүүдийн хэр их хичээл зүтгэл гаргаж буйтай шууд холбоотой бөгөөд, эцэг эхчүүд хүүхдээ хосолмол хэлтэн болгохын ач тус, багаас нь Монгол хэлээрээ ярих, Монгол ахуй, соёлыг тайлбарлаж, үлгэрлэж, өдөр тутмын амьдралдаа Монгол ахуйгаа хэвшүүлж, хамтдаа бууз, баншаа хүртэл хийхийн чухлыг хэллээ. Хүүхдийн насны онцлогоос хамааран, хүүхдийг шахах биш, сонирхдог зүйлсийнх нь талаар Монголоор тайлбарлах, аль ч сэдвээр Англи, Монголын харьцуулсан судалгаа хийлгэх зэрэг нь хүүхдийг хэлээ сурах, танин мэдэхүйн чухал ач холбогдолтой гэдгийг хэлэв.


Багш, “Бритишэдү” боловсролын байгууллагын боловсролын зөвлөх, Л.Эрдэнэчимэг, 

“Гадаадад эх хэлээ сурталчлахад төрийн бодлого, оролцоо-бусад орны жишээ” сэдвээр дэлхийн бусад орнууд өөрсдийн хэл, соёлоо заах, сурталчлахад барьдаг төрийн бодлогуудын талаар, Их Британид буй бусад орнуудын төрөлх хэлний сургуулиуд, боловсрол-соёлын төвүүдийн үйл ажиллагааны жишээн дээр тайлбарлалаа. Норвеги, Швед, Чех, Словак, Солонгос, Израйль болон Япон зэрэг нийт 7 орны төрийн бодлогын жишээн дээр тухайн улсууд өөрсдийн хэл-соёл-боловсролын төвүүдээ хэрхэн бодлогоор дэмждэг, Израйль улс тухайлбал улсын төсвийн 1%-ийг зарцуулдаг, түүнчлэн бүх хэлүүд нь олон улсын стандарт шалгалтын системүүдтэй бөгөөд тухайн улсад ажиллаж, амьдрах хүмүүст тэр хэлний түвшин нь үндсэн шалгуурууд болдог талаар дэлгэрэнгүй ярив. Мөн улс болгоны боловсрол-соёлын төвүүд нь гадаадын иргэдэд нээлттэй бөгөөд, тухайн орны хэлийг сурах хүсэлтэй хүмүүст сургалт явуулахаас гадна ЗГ-ийн тэтгэлгүүд зарлагдаж, эх орондоо эргэж очиж ажиллах сонирхолтой тодорхой тооны хүмүүсийг сургадаг байна.


Их Британи дахь Монгол хэлний сургалтын төв ТББ-ын тэргүүн, Манчестер дахь Монгол сургуулийн багш Др. С.Мөнхтуяа,

“Хилийн чанадад эх хэлээ зааж буй туршлагаас (Манчестер хотын Монгол хэлний сургалтын жишээн дээр)” сэдвээр сүүлийн 6 жил Ноттингхам болон Манчестер хотуудад хичээл заасан туршлага дээрээ үндэслэн Монгол хэлээ заахад тулгарч буй бэрхшээлүүд болон түүнээс гарч болох зарим нэг гарцын талаар санал дэвшүүлэв. Анх хилийн чанадад амьдарч эхэлсэн Монголчуудын маань үр хүүхдүүд эхнээсээ аав ээж болцгоож эхэлсэн ч, эцэх эхийн болон шинээр төрж буй хүүхдүүдийн хэн нь ч эх хэлээрээ ярихгүй байгаа нь Монгол хэл маань дөнгөж 2 дахь үе дээрээ байхгүй болж байгаа гэсэн үг бөгөөд энэ нь зөвхөн хэл, соёлын төдийгүй цаашлаад улсын тусгаар тогтнолын хувьд ч харанга дэлдсэн асуудал болсон байна тухай, Эцэг эхчүүд хүүхэддээ эх хэлээ зааж чадахгүй байгаа нь гадны олон хүчин зүйлээс болж байгаа ч гол нь өөрсдийнх нь эх хэлэндээ хэр анхаарал тавьж, сэтгэл хандуулж байгаатай шууд холбоотой талаар онцлов. Нэгэнт гэрийн байршил, ажлын онцлогоос болон хүүхдээ Монгол сургуульд явуулж буй чадахгүй тохиолдолд 4-5 Монгол гэр бүлүүд хамтраад уламжлалт гэрийн боловсролын аргаар хүүхдүүддээ хэлээ заах боломжтойг санал болгов. Гадаадад буй Монгол хүүхдүүдийн сэтгэхүй, орчин, эх орондоо Монгол хэлтэй орчинд өсч буй хүүхдүүдийнхээс тэс өөр бөгөөд, Монгол хэлийг гадаад хүнд, тэр тусмаа гадаад хүүхдүүдэд заах аргаар заах нь чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ. Энэ чиглэлээр ямар нэгэн судалгаа, багшлах аргазүй талын сурах бичиг одооогоор байхгүй ч өөрийнхөө туршлага дээр үндэслэн, Монгол хэлийг гадаад хүүхдүүдэд заахын тулд багш нийт 5н төрлийн ур чадварыг эзэмшсэн байх ёстой нь харагдаж байна хэмээв. Үүнд:

  1. Монгол хэлний маш сайн мэргэжилтэн байх,
  2. гадаад хэл заах аргазүйг эзэмшсэн байх,
  3. бага ангийн багш байх,
  4. сургуулийн өмнөх насны хүүхдэд заах аргазүйг эзэмшсэн байх, 
  5. дуу хөгжмийн багш байх.

Энэ таван зааx аргазүйн дор хаяж хоёр нь байхад, бусад ур чадваруудыг хичээл заах явцад эзэмших боломжтойг дурьдав. Түүнчлэн, хамгийн тулгамдсан 2 асуудал бол

  1. багшлах боловсон хүчин. Монгол хэл заах нь зогсолтгүй үргэжлилж байх ёстой сургалт бөгөөд, хүүхдүүд түвшин ахиж жил бүр суралцах хэрэгтэй. Гэвч одоогоор, түвшин бүрт бэлтгэгдсэн, заах боломжтой багш нар байхгүй.
  2. Сургалтын материал хомс. Гадаадад буй багш нар Монголын цагаан толгойн ном болон бусад өөрсдийн зохиосон гарын авлагуудыг хэрэглэдэг ч одоогоор бүрэн цогц байдлаар шийдэгдсэн, шинэлэг арга барилтай сурах бичиг, гарын авлага маш дутмаг байгаа нь багш нарт ч, эцэг эхчүүдэд ч хүндрэлтэй байна.

Үүнээс гадна орчин үеийн хүүхдийн сэтгэхүйд таарсан, хөдөлгөөнтэй, сэтгэн бодох, харилцан ярилцах сэдэвтэй хичээлийн хөтөлбөрүүд маш хэрэгтэй байгааг дурьдаад эцэг эхчүүдийн оролцоо, хамтын ажиллагаа, дэмжлэг хүүхдүүдийг эх хэлээ сурах төдийгүй орхиход шууд нөлөөтэйг дурдан анхуурлав.


Ноттингхам дахь Монгол сургуулийн багш Д.Оюунчимэг,

“Эцэг эх ба хүүхэд (Ноттингхам дахь Монгол сургуулийн жишээн дээр)” сэдвээр эцэг эхчүүд өөрсдөө санаачлан Монгол сургууль байгуулж, 4-15 насны хүүхдүүдэд эх хэлээ зааж буй арга туршлагаасаа хуваалцлаа. Тус сургуулийн багш нар, бүх насны хүүхдүүдээ хамруулах, гол нь эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд төрөл бүрийн шинэлэг ажиллагааг санаачлан хийсний дотор, эцэг эхийн санал дээр үндэслэн, 6-10 настай хүүхдүүддээ Монгол дуу, хөгжим, бүжиг зааж, 11-15 насны охидуудыг Монгол үндэсний хувцсаа өмсөж сонирхуулах үйл ажиллагааг Ноттингхамын Их Сургуультай хамтран зохион байгуулж, 11-15н насны хөвгүүдийг Монгол үндэсний баяр, наадам чиглэлээр илтгэл бэлдүүлэн, танилцуулах зэрэг арга хэмжээ хийсэн нь нас насны хүүхдүүдийн сонирхолд нийцсэнээс гадна, хүүхдүүдээ бэлдэх, дэмжих эцэг эхийн оролцоог эрс нэмэгдүүлсэн байна. Үүнээс гадна эх хэлээ заахад тулгарч буй үндсэн асуудал нь мөн л багшлах боловсон хүчин, сургалтын материал болон эцэг эхчүүдийн дэмжлэг сул, хүүхдүүдтэйгээ Монголоор ярьдаггүй, Монгол хэлний хичээлээс өөр сургалтанд хүүхдүүдээ явуулах сонирхолтой, Могнол сургуулиудаа дэмжин ажилладаггүй зэрэгтэй холбон тайлбарлалаа.


Лондон дахь Монгол сургалтын төвийн багш, Д.Туяа,

“Монгол хүүхдүүдэд зориулсан хичээлүүд (“Монгол хүүхдүүдэд зориулсан хичээлүүд (Лондон дахь Монгол сургалтын төвийн жишээн дээр)”-  сэдвээр илтгэл тавьж, сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол сургалтын төв байгуулж, үйл ажиллагааа явуулахад тулгарч буй бэрхшээл, боломжуудын талаар ярив. Одоогийн байдлаар багшлах боловсон хүчний асуудал хамгийн чухал бөгөөд, эцэг эхчүүдийн дэмжлэг хэргтэй байгаа талаар дурьдав. Сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол дуу хөгжмийн анги нээн ажиллуулсан нь амжилттай болсон бөгөөд, дуу дуулсанаар хүүхдийн аялга засарч, үгийн баялаг нэмэгдэж, цаашдаа Цагаан Толгойгоо амжилттай сурсан жишээг өөрийн зээ хүү дээрээ үлгэрлэн тайлбарлалаа. Улмаар эх хэлээ заахад Британийн Монгол хэлний сургалтын төвүүд хамтран ажиллах хэрэгтэй гэдгийг уриалж онцлон тэмдэглэлээ.


“Бритишэдү” боловсролын байгууллагаас санаачлан зохион байгуулсан “ЭХ ХЭЛЭЭ ӨВЛҮҮЛЬЕ” уулзалт хэлэлцүүлгийг тус байгууллаагас жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд уулзалт хэлэлцүүлгийн үед гарсан дээрхи саналуудыг нэгтгэн Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөлийн Боловсролын Хороо болон Элчин Сайдын Яамаар дамжуулан бодлого боловсруулагч нарт хүргэн ажиллахаа арга хэмжээг зохион байгуулагч нар илэрхийллээ.