Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд чуулж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцлээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2018 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

НҮБ-ын санаачилгаар жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ныг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэдэг билээ. Энэ хүрээнд өнөөдөр Төрийн ордны их танхимд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын 550 гаруй төлөөлөгч хот, хөдөөгөөс чууллаа. 

Үндэсний чуулганыг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад төр, төрийн бус байгууллагын түншлэлийг бэхжүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулсан юм. Чуулганы эхэнд төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийг илгээлтийг сонсгон, УИХ-ын НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар, АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Төсөл хөтөлбөрийн албаны дарга Раушан Маматкулов, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав нар үг хэлж чуулганд амжилт хүссэн юм.  

Чуулганы үндсэн илтгэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний хорооны дарга С.Чинзориг тавилаа. Тэрбээр “Хөгжлийн төлөөх түншлэл: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа” илтгэлдээ "Өнөөдрийн Үндэсний чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад төр, төрийн бус байгууллагын түншлэлийг бэхжүүлэх нь” гэсэн сэдвийг хэлэлцэхээр сонгосон нь тохиолдлын зүйл биш. Манай улс дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилтуудад үндэслэн, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ийг батлан хэрэгжүүлж эхлээд байна.

 

Тогтортой хөгжлийн үзэл баримтлалын гол зарчим нь хөгжлийн гадна хэн ч үлдэх ёсгүй учир хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бусдын адил эрхээ эдэлж, сурч боловсрох, хөгжих, хөдөлмөрлөх, төрийн үйлчилгээ авах, хөгжлийн үр шимээс хүртэх адил, тэгш боломж олгохын тулд бид юуг яаж хийх вэ гэдгээ хэлэлцэн зөвшилцөх нь зүйтэй гэж үзсэн юм” хэмээн үндэсний чуулганы зорилгыг тодорхойлсон.

Манай улсад 19 мянга гаруй төрийн бус байгууллага бүртгэлтэй байдаг. Үүнээс 46 хувь нь л идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж. Харин эдгээрээс 600 гаруй нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болохыг холбогдох байгууллагууд судалгаагаар тогтоосон байна. 

Нийт хүн амын 3.3 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлдэг 

 

ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Хөгжлийн хэлстийн дарга С.Рэгзэн чуулганы талаар “НҮБ-гаас 26 дахь удаагаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж байна. Манай улсад энэ оны эхний байдлаар 103.6 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна гэсэн судалгаа гарсан. Энэ нь нийт хүн амын 3.3 хувийг эзэлж байгаа юм. 

Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр 600 гаруй ТББ үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа байна. Эдгээр ТББ-ууд жинхэнэ утгаара ажиллаж байна уу эсвэл нэр төдий, бүртгэл төдий байгууллагууд байна уу гэдгийг бид ялгаж салгах боломж төдийлөн их биш. Тиймээс өнөөдөр ТББ-уудын төлөөлөлтэй уулзаж, Засгийн газартай хамтран ажиллах чиглэлийг тодорхой болгох үүднээс өнөөдрийн энэхүү чуулганыг зохион байгуулж байна” гэлээ. 

“ТББ-уудын 20 орчим хувь нь л зорилго, дүрмийнхээ дагуу ажилладаг”

 

Чуулганд оролцож буй “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт, үйлдвэрийн газар” ТӨХК-ийн захирал З.Болдсайхан “Өмнө нь 2013 онд энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулганыг хийж байсан. Түүнээс хойш таван жилийн дараа дахин чуулган зохион байгуулж байна. 

Тодорхой хугацаанд чуулган хийх нь чухал. Гэхдээ чуулганы дараа ямар үр дүн гарах вэ гэдэг л чухал байна. Шийдвэр гаргах түвшинд байгаа хүмүүс тухайн чуулганы тунхаг, зөвлөмжтэй танилцах уу, хэрэгжүүлэх үү гэдэг нь чухал байдаг. 

Хүмүүсийн хэлж байгаагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын 20 орчим хувь нь л зорилго, дүрмийнхээ дагуу ажиллаж байдаг бусад нь тамга, гэрчилгээ аваад л алга болдог гэж байна. Энэ 20 хувь дотроо үйл ажиллагааны хамрах хүрээгээрээ улсын үйл ажиллагаа явуулдаг нь бүр цөөхөн. Сүүлийн үед хүн болгон ямар нэгэн ТББ байгуулж, түүгээрээ төсөл хөтөлбөр авдаг амин зуулгын нэг хэлбэр болчихоод байна. 

Хараагүй иргэдийн хувьд хөдөлмөр эрхлэх боломж хомс, боловсол эзэмшиж хөгжих боломж хангалттай биш, амьдрах орон байрны гэсэн гурван үндсэн асуудал байдаг. Нийслэлд олон мянган орон сууц байгаа боловч хараагүй иргэд орон байранд орсон жишээ байхгүй” гэсэн юм. 

У.Болд: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчилгээнд тэгш хамрагддаг байгаасай 

 

Сүхбаатар аймгийн Тэргэнцэртэй иргэдийн ТББ-ын тэргүүн У.Болд “Төрийн ордонд болж байгаа энэ том чуулганд оролцож байгаадаа баяртай байна. ТББ-гаа дөнгөж байгуулаад ирсэн. 

Ер нь миний зорьж байгаа ажил бол тулгуур эрхтэний болон харааны бэрхшээлтэй иргэдийг үйлчилгээнд тэгш хамрагддаг болгохын төлөө л зорьж байна. Жишээ нь, гудманд юм тээглүүлээд тавьчихсан байхад эрүүл саруул хүмүүс тойроод гарчихна. Тэргэнцэртэй, харааны бэрхшээлтэй иргэд тэрэнд тээглээд явж чадахгүй. Тэр тээглээд байгаа юмыг л зам дээрээс нь зайлуулчихсан юмсан гэж боддог юм” гэлээ.