Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Жолооч нь гүн нойронд автсан Tesla Model S загварын машиныг цагдаа нар зогсоож чаджээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Умард Калифорний Рэдвүүд хотын ойролцоох хурдны замаар давхиж яваа Тесла компанийн Model S загварын машинтай цагдаа нар шөнө дунд таарсан байна.

110 км/цаг хурдтай давхиж явсан машины жолооч нь гүн нойронд автсан байв. Цагдаа нар араас нь хөөж, дохио өгч, зогсохыг шаардсан ч хариу өгөөгүй байна.

Ингээд Теслагийн машиныг автомат жолоодлогын горимд ажиллаж байгаа гэж дүгнэсэн цагдаа нар урьд өмнө хэрэглэж байгаагүй цоо шинэ аргаар зогсоохоор шийджээ.

Цагдаагийн хоёр дахь машин давхиж яваа Теслагийн араас дагаж, хаалт хийх хооронд эхний машин гүйцэж, урд нь орж давхисан байна. Ингээд урд яваа машин аажмаар хурдаа хасахад, Теслагийн автомат жолоодлогын систем мэдэрч бас хурдаа хассан байна. Нэлээд хэдэн километр ингэж давхисны эцэст Теслаг бүрэн зогсоож чаджээ.

Арваннэгдүгээр сарын 30-ны шөнө энэ хэрэг гарсан бөгөөд цагдаа нар зогссон машины цонхыг цохиж жолоочийг сэрээсэн нь 45 настай Александер Жозеф Самек гэгч байсан гэнэ. Жолоочийг согтуу явсан гэж сэжиглэж Сан Матео дүүргийн саатуулах газарт шалгахаар хүргэсэн байна. Теслагийн Model S загвар энэ үед автомат жолоодлогын горимд байсан гэж цагдаа нар урьдчилсан байдлаар дүгнэжээ.

Хэдийгээр Теслагийн “autopilot” горим нь жолоодлогыг хүнгүйгээр бүрэн хянах чадвартай гэж байгаа ч сүүлийн үед энэ горимд яваа машинууд осол гаргасан хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн юм. Тиймээс Тесла компани автомат горим ашиглах үедээ жолооч нарыг гараа жолооны хүрдэн дээр үргэлж байлгах хэрэгтэйг анхааруулж байгаа.

Калифорний замын цагдаагийн газар автомат жолоодлогын горимд яваа машинтай хэрхэн харьцах ямар ч заавар дүрэмгүй байгаа бөгөөд энэ удаа өөрсдөө бие дааж, түргэн шийдвэр гаргасны хүчинд машиныг зогсоож, ослоос сэргийлж чадсан гэж мэдээлжээ.

 

Эх сурвалж: Tribune News Service