Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Нигерийн ерөнхийлөгч өөрийгөө хуурамч биш, жинхэнэ нь гэдгийг батлав

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн хэдэн сарын турш Африк тивийн хамгийн олон хүн амтай Нигери улсад ерөнхийлөгч нь нас барж, оронд нь түүнийг орлон тоглогч алба хашиж байгаа гэсэн цуурхал хүчтэй тарсан юм.

Ирэх оны хоёрдугаар сард дахин сонгогдохоор бэлдэж байгаа ерөнхийлөгч Мухаммаду Бухари өвчнөө эмчлүүлэхээр Их Британид таван сарыг өнгөрүүлсэн нь ийм яриа гарахад хүргэсэн байна.

Тэр чухам ямар өвчин туссанаа нууцалж байгаа юм. Тиймээс Нигерийн сошиал орчинд түүнийг аль эрт нас барсан, ерөнхийлөгчтэй усны дусал мэт адил Судан гаралтай Жүбрил гэгч орлон ажиллаж байгаа гэсэн яриа өргөн тархжээ. Зарим сөрөг хүчний улс төрчид ч энэ онолыг үндэслэлтэй гэсэн байна.

Тэгвэл Ням гарагт Польш улсад нутаг нэгтнүүдтэйгээ уулзсан ерөнхийлөгч Мухаммаду Бухари уг цуурхлыг няцаажээ. Тэр иргэдийн бичгээр ирүүлсэн асуултад хариулж байхдаа өөрийг нь хуурамч эсэхийг асуусан асуулт хүлээж авсан байна.

“Энэ бол жинхэнэ би байна. Би удахгүй 76 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэнэ. Миний бие тэнхээ сайн байгаа” гэж Бухари уг асуултад хариулжээ.

Тэр “Намайг эмчлүүлж байхдаа нас бараасай гэж олон хүн хүсэж байсан. Зарим нь бүр дэд ерөнхийлөгчид хандаж, суудалд нь санаархаж байгаагаа ил тод илэрхийлсэн байна лээ. Тэр намайг Лондонд байхад очиж уулзахдаа энэ тухай гайхан ярьж байсан” гэж ярьсан байна.

Нигерийн ерөнхийлөгч энэ сарын 17-нд 76 нас хүрэх ажээ. Бухари цуурхал тараасан этгээдүүдийг “увайгүй, сүсэг бишрэлгүй” хүмүүс гэж шүүмжилсэн юм.

 

Эх сурвалж: The Guardian