Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Нью Йоркийн цагдаа хаягдсан сүйн бөгжний эздийг твиттерийн тусламжтай олжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Британиас ирсэн хосууд өнгөрсөн долоо хоногт Нью Йорк хотын төвд сүйн бөгжөө гээсэн байна.

Бүсгүй нь бөгжийг зүүн явж байгаад хуруунаасаа алдсан нь метроны ус зайлуулагчийн нүхэнд унаж, тэнд явсан хүмүүсийн тусламжтайгаар хоёр цаг орчим хайгаад олоогүй орхижээ.

Энэ явдал хяналтын камерт бичигдэж үлдсэнийг Нью Йорк хотын цагдаа сүүлд олж хараад бөгжийг нүхнээс гаргаж авсан байна. Улмаар тэд камерт үлдсэн дүрс бичлэгийг Бямба гарагт твиттер сүлжээнд байрлуулж, бөгжөө алдсан хосыг эрэн сурвалжилж эхэлжээ.

Зарыг нийт 20,000 гаруй хүн цааш тараасан байна. Удалгүй бөгжний эзэд болох Жон Дреннан, Даниела Антони нар Их Британиас тодорчээ. Нью Йоркийн цагдаа тэдний бөгжийг араас нь явуулсан байна.

“Азтай хосууд нутагтаа буцсан ч та бүхний дэмжлэгтэйгээр манай зарыг олж үзсэн байна” гэж Нью Йоркийн цагдаа Ням гарагт твиттер хуудсандаа бичжээ.

Бөгжийг хосуудын амьдардаг Британий Кэмбриж гүнлэгийн Питербороуд хүргэсний дараа тэдний гэрэл зургийг мөн цагдаагийн твиттер хуудсанд нийтэлсэн байна.

Зураг дээр Даниела Антони сүйн бөгжийг ядам хуруундаа зүүсэн байгаа нь гарчээ. Хосууд Ням гарагийн орой BBC сувагт бөгжөө хэрхэн алдсанаа, мөн цагдаа нарт баярлаж байгаагаа ярьсан байна.

Дреннан хэрхэн гэрлэх санал тавихаа бодож, хоёр хоногийн турш бөгжийг халаасалж явсан гэнэ. Ингээд тэр Нью Йоркийн төв цэцэрлэгт хүрээлэнд саналаа тавьж, бүсгүйд бөгжөө зүүж өгсөн байна. Үүнээс хоёр цагийн дараа тэд метронд явж байхдаа бөгжөө гээжээ. Бүсгүйн хуруунд бөгж томдож байснаас сугарч унасан байна.

Бөгжөө нүхнээс гаргаж авах оролдлого нь бүтээгүй тул тэд дахин шинийг авахаар шийдээд орхиж явжээ.

Хосууд твиттер хэрэглэдэггүй тул өөрсдийг нь хайж байгааг мэдээгүй явсан байна. Харин нэг найз нь тэдэн рүү ярьж энэ тухай дуулгаснаар бөгжөө олсон гэнэ.

Тэд “Нью Йорк хотын цагдаад, бас бидний зарыг дамжуулж өгсөн бүх хүнд баярлалаа” гэж хэлжээ.

 

Эх сурвалж: The Guardian