Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хот "Ногоон хотуудын хөтөлбөр"-т нэгдсэн Азийн анхны хот боллоо

О.Булган, iKon.mn
2018 оны 11 сарын 30
iKon.MN
 
Гэрэл зургийг: mpa.mn

Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж, дэлхийн жишигт нийцсэн хотуудын эгнээнд нэгдэхэд нэг алхам ойртлоо. Тодруулбал, Улаанбаатар хот Европын сэргээн босголт, Хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Ногоон хотын үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулан, байгаль, хүрээлэн буй орчин болон дэд бүтцийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж эхлээд байна.

Ингэснээр 1.4 сая хүн амтай манай хот ЕСБХБ-ны Ногоон хотуудын хөтөлбөрт нэгдэж буй Азийн анхны хот болж байгаагаараа онцлог юм.

Тус хөтөлбөрт нэгдсэн орны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болсон бөгөөд НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко нарын төлөөлөл, дотоодын болон гадаадын мэргэжилтнүүд оролцлоо.

БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлэх энэхүү төлөвлөгөө нь Монгол Улсын нийслэлд нэн тэргүүнд тулгамдаж буй байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхэд тодорхойлон дэмжлэг үзүүлэх юм.

Тухайлбал, хамгийн эхэнд Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хөтөлбөр болохыг зохион байгуулагчид онцоллоо.

Ногоон хотын төлөвлөгөөний хүрээнд:

  • Агаарын чанар
  • Усны хангамж
  • Сэргээгдэх эрчим хүч
  • Хог хаягдлын зохицуулалт
  • Ногоон эдийн засаг
  • Дэд бүтэц, тээвэр зэрэг салбаруудад төвлөрөн ажиллах юм.

Одоогоор 16 хотод ногоон хотын төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлээд байна

 
Гэрэл зургийг: mpa.mn

ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко "Өнөөдөр Улаанбаатар хотноо "Hогоон хотын үйл ажиллагааны төлөвлөгөө"-г боловсруулахад бэлэн болсондоо бид баяртай байна.

Манай банк энэхүү төслийг 16 хотод аль хэдийнэ амжилттай хэрэгжүүлээд байна. Улаанбаатар хот Ази тивийн анхны хот болж нэгдэж буйд бид маш их баяртай байна. Монгол Улсын нийслэл хотод өнөөдөр маш олон асуудалтай нүүр тулж, зайлшгүй шийдвэрлэх асуудлууд олон байгааг бид харж байна.

Тийм ч учраас төсөл хөтөлбөрөө эхлүүлж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хатуу хог боловсруулах, зохицуулах ажил дээр хамтран ажиллах санамж бичиг зурж төслөө ийнхүү эхлүүлээд байна" гэсэн юм.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь гурван тив дамнан нийт 38 оронд хувийн хэвшил, энтрепренер санаачилгыг дэмжин, олон талт үйл ажиллагаа эрхэлдэг банк юм. Тус банкны хөрөнгө оруулалт нь өөрийн бүс нутгууд дахь гишүүн орнуудын эдийн засгийг өрсөлдөх чадвартай, хүртээмжтэй, сайн засаглалтай, ногоон, тэсвэрлэх чадвартай болон интеграцчилагдсан болгохыг зорьдог аж.

Одоогоор нийт 16 хот нэгдээд буй ногоон хотын үйл ажиллагааны төлөвлөгөө нь хэрэгжүүлж буй тухайн хотын онцлог бүрт зориулагдан төлөвлөгөө боловсруулагддагаараа онцлогтой тухай төсөл боловсруулагчид онцолж байлаа.

Тухайлбал, төсөл хэрэгжүүлэгчид Улаанбаатар хотод хамгийн их тулгамдаад буй агаарын бохирдол, хог боловсруулалт, тээвэр, усан хангамж зэрэг салбарын асуудлууд дээр хамгийн түрүүнд төвлөрч ажиллахаар төлөвлөөд байгаа юм.

Улаанбаатар хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэртэй болно

 
Гэрэл зургийг: mpa.mn

ЕСБХБ-ны Төв Ази, Монгол, ОХУ хариуцсан дэд бүтцийн банкир Светлана Радченко “Төслийн хүрээнд хэрэгжүүлж буй эхний ажил нь хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэрлэлийг байгуулж, ажлыг эхлүүлэхээр гарын үсэг зураад байна. Үүний хүрээнд ЕСБХБ болон Европын холбооны санхүүжүүлэгч нар Монгол Улсын Засгийн газарт зээл болон буцалтгүй тусламж олгож байгаа юм.

Ингэснээр Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг Европын улсуудын стандартаар булж, устгах, барилгын хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг ажил явагдах юм. Үүний үр дүнд хүлэмжийн хийг бууруулах, байгаль орчинд үзүүлж буй сөрөг үр нөлөөг багасгах зэрэг олон талын ач холбогдолтой юм” гэлээ.

ЕСБХБ-ны Ногоон хотуудын хөтөлбөр нь 950 сая еврогийн санхүүжилтийн шугам бөгөөд стратеги төлөвлөлтийг хөрөнгө оруулалт болон түүний дагалдах техник тусламжтай уялдуулсан ногоон хотын хөгжлийн иж бүрэн бизнес загварыг санал болгодог аж. Тэд энэхүү санхүүжилтийн хэмжээгээ 2020 он гэхэд өөрийн жилийн нийт хөрөнгө оруулалтын 40 хувьд хүргэхийг зорин ажиллаж буй талаар мэдээлэв.

Төслийн нээлтийн үеэр хүрээлэн буй орчны экспертүүд бусад улсын ногоон хотын үйл ажиллагааны төлөвлөгөө, авч хэрэгжүүлж буй зарим сонирхолтой шийдлийг танилцуулсан юм.

Бельги улсын хүрээлэн буй орчны мэргэжилтэн Ханс Ван Тоссамын танилцуулсан бусад хотуудын хэрэгжүүлсэн сонирхолтой жишээнээс хүргэе:

Нидерланд улсын хоёр дахь том хот болох Роттердамд байрлах агаарын бохирдлоос үүссэн утааг хуримтлуулан шүүдэг цамхаг:

 
Роттердам хотын утаа хуримтлуулах цамхаг

Ухаалаг гудамжны тавилга гэх энэхүү хана нь мөн агаарын бохирдол, тоос шороог багасгах зориулалттай. Одоогоор Берлин, Лондон, Осло, Парис, Амстердам зэрэг хотуудад байрладаг байна.

 
ЕСБХБ нь Монгол Улсад хувийн хэвшил, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар төрөлжсөн эдийн засгийг бий болгохоор ажиллаж байна. Тус банк үйл ажиллагаагаа 2006 оноос эхлүүлсэн ба өнөөдрийг хүртэл манай улсад 1.5 тэрбум гаруй еврогийн хөрөнгө оруулалтаар 100 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлээд байна.