Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улсад 1992 оноос хойш ДОХ-ын 266 тохиолдол илэрч, 42 хүн нас баржээ

Б.Бадамгарав, IKon.mn
2018 оны 11 сарын 30
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг ХДХВ/ДОХ-ын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах дэлхийн өдөр болгон зарласан байдаг. Энэ жил манай улс “Яг одоо шинжилгээнд...” гэсэн уриаг дэвшүүлж байгаа юм. Энэ өдөр маргааш тохиож буйтай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж, ХДХВ/ДОХ-ын халдвар, эмчилгээ үйлчилгээний талаар танилцууллаа.  

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Ц.Хандармаа “Манай улсад 1992 онд ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдэж байсан бол өнөөг хүртэл нийт 266 тохиолдол илэрч, 42 хүн нас барсан. Монгол Улсын Засгийн газраас ХДХВ/ДОХ-ын эсрэг авах арга хэмжээнд онцгой анхаарч, ДОХ-ын Үндэсний хороог дахин байгуулж, санхүүжилтийг тогтвортой нэмэгдүүлж байна. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнд манай улс ДОХ-ын тархалт багатай улсын тоонд орж байна. Мөн 2013 оноос ретровирусийн эсрэг эмчилгээний зардлыг, 2014 оноос оношлуурын зардлыг Улсын төсвөөс үе шаттайгаар санхүүжүүлж, өнөөдрийн байдлаар оношилгоо, эмчилгээг 100 хувь улсаас хариуцдаг болоод байна” гэлээ.

Мөн тэрбээр ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүсийн 43.5 хувийг оношилж, оношлогдсон иргэдийн 92.8 хувийг ретровирусийн эсрэг эмчилгээнд хамруулсны үр дүнд 94.5 хувийнх нь ХДХВ-ийг дарангуйлж чадаж байгаа гэдгийг онцоллоо.
 
Гэрэл зургийг mpa.mn

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица “ХДХВ/ДОХ-ын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах өдрийг энэ жил дэлхий нийтэд 30 дахь жилдээ зохион байгуулж байна. Өнөөдөр ХДХВ/ДОХ-ын эмчилгээ, оношилгоо маш сайжирсан. Халдвар авсан иргэн тохиромжтой цаг хугацаанд нь эмчилгээнд хамрагдвал эдгэрэх боломжтой болоод байна. Хэдийгээр ХДХВ-ийг бүрэн устгах боломжгүй ч вирусийг дарангуйлах эмчилгээ хийснээр халдвартай хүн урт хугацаанд амьдрах боломжтой болсон” гэв.

Д.Нямхүү: Хүний нөөц 50 хувийн дутагдалтай байна
 
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхий нийтэд 90:90:90 гэсэн уриа, зорилтыг дэвшүүлсэн байдаг. Энэ нь оношилгоог 90 хувь хийе, эмчилгээнд хамруулах ажлыг 90 хувь болгож, эмчилгээний үр дүнг 90 хувьд хүргэе гэсэн утга юм. Харин манай улсын хувьд энэ зорилт 40:91:90 байгаа талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү дурдсан юм. Тэрбээр “Илрүүлэх үйл ажиллагаа 40 хувьтай байна. Монгол Улсад одоогийн байдлаар 653 хүн ХДХВ-ийн халдвартай байх магадлалтай гэдэг нь ДЭМБ-тай хамтран хийсэн тооцоолол судалгаагаар гарсан. Бид үүнээс 266-г нь оношилсон. Эрт илрүүлгийг сайжруулах шаардлагатай байгаа. Сүүлийн үед олон улсад шүлсээр оношлох технологи гараад байна. Манай улс энэхүү оношлуурыг оруулж ирэх боломжийг судалж байна” гэсэн юм. 

Мөн ХДХВ/ДОХ-ын эмч буюу хүний нөөц 50 хувийн дутагдалтай байна. Энэ асуудлыг шийдэхээр Эрүүл мэндийн сайд тушаал гарган, эмч бэлтгэх сургалтын хугацаа хоёр жил байсныг зургаан сар болгон түргэвчилжээ. Ингэснээр хүний нөөцийн асуудал шийдэгдэнэ гэж үзэж байгаагаа ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэллээ.