Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Дэлгэрсайхан: Бодлогын хүүг өсгөсөн нь зээлийн хүүд шууд хүчтэй нөлөөлөл үзүүлэхгүй

ikon.mn
2018 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

СЭЗИС-ийн багш, эдийн засагч, судлаач Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-Төв банк мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлаараа бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж, 11 хувьд хүргэлээ. Мөн банк хоорондын зах дээр 28 долоо хоногтой үнэт цаас гаргах шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр санхүүгийн зах зээлд хэрхэн нөлөөлөх вэ?

-Монголбанкны хувьд бодлогын хүүг өсгөх шийдвэр гаргасан нь цагаа олсон шийдвэр гэж харж байгаа. Найм, есдүгээр сараас хойш эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал тогтворгүй болж эхэлсэн. Мөн гадаад зах зээлийн орчин тодорхой бус болсонтой холбоотойгоор хүлээгдэж буй эрсдэлийн түвшин нэмэгдээд байна. Энэ нөхцөл байдалд төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн нь зөв алхам болсон.

Харин мөнгөний захын хувьд төв банк үнэт цаасныхаа хугацааг уртасгаж байна. Энэ нь төв банк мөнгөний захад оролцох оролцоогоо нэмэгдүүлж байна гэсэн үг. Тэгэхээр эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, зээлийн олголт 2018 онд нэлээд тэлсэн. Мөнгөний нийлүүлэлт 18 их наяд төгрөгт хүрсэн. Тэгэхээр Төв банкны үнэт цаасны хугацааг уртасгах замаар зах зээлд гарч байгаа мөнгөний нийлүүлэлтийг багасгаж, эрэлтийг хязгаарлах бодлого баримтлах гэж байгаа юм болов уу. Өмнө нь Засгийн газрын үнэт цаас гарч байх үед Засгийн газрын болон Төв банкны үнэт цаас нийлээд 6 орчим их наяд төгрөгт хүрч байсан. Засгийн газрын үнэт цаас арилжаалахыг зогсоосноор мөнгөний зах дээр Төв банкны үнэт цаас голлох хэрэгсэл болж хувирсан. Тийм учраас хугацааг нэмэгдүүлэх шаардлага тулгарсан болов уу гэж харж байна.

-Мөнгөний бодлогын суурь хүү зээлийн хүүнд нөлөөлөх байх. Төв банкны хувьд зээлийн хүүг бууруулах стратегийг боловсруулж, хэрэгжүүлэх талаар ажиллаж байгаа. Гэвч бодлогын хүүг өсгөж байгаа нь зээлийн хүүг бууруулах зорилтод хэрхэн нөлөөлөх бол?

-Зээлийн хүү яагаад өндөр тогтож байгаа шалтгааныг нийт иргэд маань ойлгосон байх. Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги буюу нийгэм, эдийн засаг, улс төрийн орчны цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр зээлийн хүү буурна. Эдийн засаг сайжирснаар зээлийн хүү буурдаг нь Монголд ч бас батлагдсан. Энэ нь 2012 оны хүүгийн түвшин болон 2016 оны хүүг өнөөгийн хүүтэй харьцуулсан харьцаа харуулна. 2016 оноос хойш зээлийн хүү болон хадгаламжийн хүү нэлээд буурсан. Тэгэхээр мөнгөний бодлогын хүүг өсгөснөөрөө шууд зээлийн хүүг буцаагаад өсгөх хандлага руу орж байна гэж би бодохгүй байна.

Зээлийн хүү өндөр байгаа шалтгаан нөгөө талдаа улс төр, эдийн засаг, нийгмийн орчинд байгаа тогтворгүй байдал, ялангуяа эдийн засаг төрөлжиж чадаагүй гэх зэрэг эрсдэлийн түвшин өндөр байгаатай холбоотой. Тэгэхээр төв банк бодлогын хүүг өсгөсөн нь ирээдүйд учирч болзошгүй эрсдэлийг бууруулах зорилготой гэж харж байна.

Эрсдэлийг бууруулж байгаа учраас зээлийн хүүг шууд хүчтэй нэмэгдүүлэх нөлөөллийг авчрахгүй. Харин эдийн засаг дахь хүлээлтийг харьцангуй болгоомжилсон байдал руу оруулснаар эрсдэлийг бууруулж байгаа юм. Харамсалтай нь үүний нөгөө талд Засгийн газраас хийх үйлдлүүд үүнд маш том нөлөө үзүүлэх ёстой. Гэвч төсөв өндөр алдагдалтай батлагдсан. Төсвийн тэлэлт өндөр хэвээр байгаа үед Монголбанкны зүгээс болгоомжилсон үйлдэл хийхээс өөр аргагүй нөхцөл байдал руу түлхэж байна.

-Төсвийн нөлөөллийн талаар та дэлгэрэнгүй тайлбарлах уу. Төсвийг хэт тэлсэн нь импортоор дамжсан инфляцыг өдөөж, мөнгөний бодлогын орон зайг хумьсан гэх дүгнэлтүүд байсан?

-Энэ дүгнэлттэй санал нэг байна. Ингэж дүгнэхээс өөр аргагүй. Тийм ч учраас өнөөдөр Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлж, үнэт цаасныхаа хугацааг уртасгаж байна. Төсөв тэлсэн, төсвийн хөрөнгө оруулалт нь гадаад зээл тусламж, концесстойгоо нийлээд 3.2 их наяд төгрөгт хүрсэн. Энэ хэмжээний хөрөнгө оруулалт шууд болон шууд бусаар эрэлтийг өдөөх хандлагатай байгаа. Концесс гэдэг маань хэдийгээр тухайн жилдээ мөнгө нь гардаггүй ч тэрийг хэрэгжүүлэх, гүйцэтгэх талын эрэлт зайлшгүй эдийн засагт нөлөөлнө. Тийм учраас мөнгөний тэлэх бодлого хэрэгжүүлэх орон зай харамсалтай нь үлдсэнгүй. Ийм үед мөнгөний тэлэх бодлого явуулбал, ирээдүйд ирж болзошгүй эрсдэлийг улам л нэмэгдүүлэх хандлагатай. 

-Төв банкны үнэт цаас арилжааны банкуудын чөлөөт эх үүсвэрээ байршуулах гол актив болж байгаа. Засгийн газрын үнэт цаас гаргахаа зогсоосон байгаа энэ үед банкууд чөлөөт эх үүсвэрээ ТБҮЦ-аас өөр, өндөр өгөөжтэй активт байршуулах боломж хэр байна вэ. Үүнтэй холбоотойгоор эх үүсвэрийн зардал хэр өндөр тогтох бол?

-Банкуудын хадгаламжийн хүү буурч байгаа боловч эх үүсвэрийн зардал зөвхөн хадгаламжийн хүүгээс хамаарахгүй. Тийм учраас банкууд зээлийн хүүг хүчтэй бууруулах боломж хязгаарлагдмал байна. Гэтэл нөгөө талаас улс төрийн хүрээнийхэн арилжааны банкуудыг зээлийн хүүгээ бууруулахыг шахаж шаардаж байгаа. Энэ нь банкуудын зээл чөлөөтэй олгох нөхцөл, боломжийг хязгаарлана. Учир нь өнөөдөр эрсдэл өндөр байгаа үед арилжааны банкууд тодорхой эрсдэлтэй субъектэд ч зээл өгөх шаардлага үүсдэг. Гэтэл тэрхүү зээлийн хүү нь өндөр тогтож байгаа. Эдийн засаг хэдийгээр хоёр жилийн хугацаанд сайжирсан хэдий ч Монголд эдийн засгийн тогтвортой байдал бүрэн үүсчихээгүй байгаа.

Зөвхөн эдийн засаг сэргэж эхэлж байна л гэж харах хэрэгтэй. Ийм үед хүүг бууруулна гэдэг чиглэл явж байгаа нь банкуудыг чөлөөтэй, дурын зах зээл дээрээ ажиллах боломжийг хязгаарлаж байгаа. Тийм учраас банкуудад сул, чөлөөтэй эх үүсвэр бий болно. Үүнийг байршуулах орон зай нь зөвхөн ТБҮЦ болно. Харин Засгийн газрын зүгээс хэт их хэмжээний дотоод үнэт цаас гаргахгүй байх нь чухал хэдий ч огт үнэт цаас гаргахгүй байх нь тийм ч оновчтой бус. Энэ нөхцөл байдал нь мөнгөний зах болон төв банкандаа сайн зүйл биш. Бодлогын хүүтэй ойролцоо түвшинд хүүтэй, хэт ихээр бус зохистой хэмжээгээр үнэт цаас гаргаж байх нь зүйтэй. Ингэж байж, Засгийн газар, ТБҮЦ хамтдаа мөнгөний зах зээлийг тодорхойлж явах нь зүйтэй юм болов уу гэж харж байгаа.

-Өнөөдрийн байдлаар монголбанкны албан ханшаар 1 ам.доллар 2603 төгрөгтэй тэнцэж байна. Тэгэхээр бодлогын хүүг өсгөхөд ханшийн нөлөөллийг та хэрхэн харж байна вэ?

-Төв банкны энэ шийдвэр ханштай мэдээж холбоотой. Монголын эдийн засаг өсөхийн хэрээр хэрэглээний болон үйлдвэрлэлийн шинж чанартай импорт нэмэгдэж байгаа. Импортын түвшин экспортын хэмжээнээсээ 40 гаруй хувиар илүү өссөн үр дүн хэвээр байна.

2019 он гараад, төсвийн тэлэлт импортыг өдөөж өгнө. Ингэхээр мөнгөний харьцангуй хумих бодлого хэрэгжүүлэхгүй бол ханшийн өсөлт цаашдаа даамжирч болзошгүй байна. Учир нь нөгөө талдаа төлбөрийн тэнцлийг харвал 500 орчим сая ам.долларын алдагдалтай байна. Энэ нь мэдээж, гадаад валютын улсын нөөцөд сөргөөр нөлөөлж байгаа.

Тэгэхээр ханш Монгол Улсын инфляцыг тодорхойлох чухал хүчин зүйл учраас төв банк үндсэн зорилтынхоо хүрээнд ханшийг тогтворжуулах зорилгоор дээрх арга хэмжээг авсан байх боломжтой. 

-Нөгөө талаас энэ цаг мөчид улс төрийн эрсдэлийг яах аргагүй тооцох хэрэгтэй байх. Улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байгаа үед гадаад эх үүсвэр татах санхүүжилтийн зардал өсөж байна. Энэ утгаараа улс төрийн эрсдэлийг бид хэрхэн тооцоолж, харах шаардлагатай вэ?

-Эдийн засгийн нөхцөл байдлыг ярихдаа байнга улс төрийн анзаарч байх ёстой. Тэгэхээс ч өөр аргагүй. Монгол Улсын эдийн засгийн хувьд улс төрийн нөлөөлөл асар хүчтэй. Шууд төсвөөр дамжиж орж ирэх нөлөөллөөс гадна улс төрийн орчин дахь тогтворгүй байдал нөхцөл байдлыг маш эргэлзээтэй болгодог. 2019 оныг ямар байх ёстой талаар бидний таамаглалыг улс төрийн нөхцөл байдал эвдэж болзошгүй байгаа. Тэгэхээр улс төр тогтворгүй байгаа үед гадаад зах зээлээс авах санхүүжилтийн зардал өснө. Харамсалтай нь гадаадын хөрөнгө оруулалт буурсан, төлбөрийн тэнцэл дээр гадаад худалдаанаас бусад үзүүлэлтээр сайнгүй байна. Ийм үед гадаад зах зээл дэх санхүүжилтийн зардал өсөх нь долларын орж ирэх урсгалыг хязгаарлахаас гадна үнийн буюу зардлын дарамтыг бий болгоно.

Тийм учраас бид эдийн засгийг ярихаас гадна улс төрийн орчны нөхцөл байдлаа маш тодорхой байлгах, ирээдүйд тодорхой чиг баримжааг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад бий болгох нь маш чухал юм.

-Төсөв, мөнгөний бодлогыг батлаад удаагүй байна. Засгийн газар төсвийг маш өөдрөгөөр батлуулсан ч сүүлийн 2 сарын байдлаар нүүрсний экспорт дээр гацаа үүсээд байна. Энэ нь төсвийн өөдрөг төсөөлөл биелэх боломжийг хязгаарлаж байгааг зарим шинжээчид хэлэх болсон. Таны хувьд ирэх оны төсөвт тулгарах эрсдэлийг хэрхэн харж байна вэ?

-Бид Монгол Улсын эдийн засгийн сэргэлт ямар эмзэг болохыг харж байна. Нэгдүгээрт, улс төрийн орчин дахь бужигнаан гадаад зах зээлд сөргөөр нөлөөлж байна. Нэг улсаас нэлээд хүчтэй хамааралтай экспорт маань тухайн улсын бодлогын ганц шийдвэртэй холбоотойгоор Монгол Улсын нийт гадаад зах зээл дэх экспортод хүчтэй сөрөг нөлөө үзүүлэхээр байна.

Дээрээс нь хэрвээ 2019 онд эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ унавал бид нэлээд хүчтэй цохилтод орно. Тийм учраас бид дотоод, гадаад талдаа томоохон эрсдэлүүдийн дунд байна. Төсвийн орлого, ДНБ-ий өсөлтийн төсөөлөл нэлээд өөдрөг байгаа нь үнэн. Тэгэхээр төсвийн орлого тасалдах магадлал маш өндөр байна. 

-Ярилцсанд баярлалаа.

 

Эх сурвалж: Блүүмбэрг ТВ