Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Чинзориг: Ухаалаг утас хэрэглээний өсөлт нь шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх суурь дэд бүтэц болж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2018 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

“Телефон утсыг зохион бүтээснээс хойш 50 сая хэрэглэгчтэй болохын тулд 75 жилийн хугацааг зарцуулсан бол телевиз 38 жилийг зарцуулсан байдаг. Харин интернэтийн үйлчилгээ үүсээд дөрвөн жилийн дотор 50 сая хэрэглэгчтэй болсон. Тэгвэл “Angry Bird” хэмээх тоглоомыг 35 хоногт 50 сая хэрэглэгчтэй болжээ” хэмээн ХХЗХ-ны дэд дарга Д.Сэрээдорж “Дижитал Монгол” хэлэлцүүлэгт тавьсан илтгэлдээ дурдлаа.

Хоёр дахь жилдээ болж энэхүү хэлэлцүүлэгт мэдээллийн технологийн салбарынхан харилцан туршлага солилцож, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, шийдлийг эрэлхийлж буй юм. Энэ жилийн тухайд дата дэд бүтэц, дижитал үйлчилгээний хүртээмж, апп эдийн засаг болон дижитал орчин дахь хэрэглэгчийн хөгжил гэсэн дөрвөн хэсэгт хэлэлцүүлэг өрнүүлж байна. 

 
Гэрэл зургийг Mpa.mn

ХХЗХ-ны дарга Г.Чинзориг “Дижитал Монгол” хэлэлцүүлгийг нээн хэлсэн үгэндээ “Мэдээллийн технологийн салбар нь маш хурдацтай хөгжиж байна. Орчин үед мэдлэг оюуны үнэ цэнэ нэмэгдэн, дижитал үйлчилгээний давуу талууд, үйлдвэрлэлийн давуу талыг зайлшгүй дэмжих шаардлагатай болоод байна. Манай улсад үүрэн телефоны үйлчилгээний хүрээ нэмэгдэж, ухаалаг утас хэрэглээний өсөлт нь шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх суурь дэд бүтэц болж байгаа нь бусад салбарт үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгч нарт олон боломжийг нээж байна” гэлээ. 

Д.Сэрээдорж: Гар утас хэрэглэгчдийн тоо дөрвөн саяд хүрсэн
 
Гэрэл зургийг Mpa.mn

Хэлэлцүүлгийн нэгдүгээр хэсэг буюу дата дэд бүтэц сэдвээр ХХЗХ-ын дэд дарга Д.Сэрээдорж илтгэл тавилаа. Тэрбээр, “Монгол Улсын хэмжээнд нийгмийн сүлжээ ашиглаж буй хэрэглэгчдийн тоо 2.3 саяд хүрсэн. Гар утас хэрэглэгчдийн тоо дөрвөн сая байгаагаас 2.8 сая нь үүрэн телефоны интернэтийг хэрэглэж байна” гэсэн юм. Мөн дата шилжилтэд тулгамдаж буй асуудлыг ХХЗХ-ны дэд Д.Сэрээдорж ийнхүү томъёолж байна.

  • Өгөгдөл хоорондын уялдаа холбоог сайжруулах. Өгөгдлүүд хоорондоо холбогддог, машины хэлээр ярьдаг болох нь чухал. Тиймээс өгөгдлүүдийг нэг стандарттай болох ёстой. 
  • Нээлттэй болгох. Төрд их хэмжээний дата бий. Үүнийг нээлттэй болгох, ашиглуулах шаардлагатай байна. 
  • Нууцлал. Хувь хүний датад яаж хандах, алийг нь нууцлах, сангуудыг яаж холбох талаар ярилцах, шаардлагатай.
  • Өрсөлдөөн. Гар утасны аппликейшн их гарч байна. Зах зээл үүсээд, борлуулалт явагдаж байна. Гэтэл үүний зах зээл, өрсөлдөөнийг тодорхой буй байгаа тул зах зээлийг тодорхойлж, дэмжлэг, өрсөлдөөн ямар байх болон эрэмбэ цэгцийг тогтоох шаардлага зүй ёсоор урган гарч байна. 
Б.Билэгдэмбэрэл: Дижитал шилжилтийн үед төрийн байгууллагууд иргэн төвтэй болох ёстой

Хэлэлцүүлгийн үеэр ХХМТГ-ын Мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл дата шилжилт хийхэд эн тэргүүнд төрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд өөрчлөгдөх ёстойг онцолж байв. Тэрбээр “Дижитал шилжилт бол зөвхөн технологийн шилжилт биш. Энэ бол байгууллагын түвшний өөрчлөлт, түүн дээр нэмээд хууль эрх зүйн өөрчлөлт гэж харж байгаа. “Цахим засаг” үндэсний хөтөлбөр гэж бий. Үүний үндсэн чиглэл нь төрийн байгууллага өөрчлөгдөх.

Төр өөрөө үйлчилгээ үзүүлэгч үйлчилгээний байгууллага юм бол шилжилтийн үед аль болох иргэн төвтэй болох ёстой. Үйлчилгээ үзүүлэх сувгуудыг ч нэмэгдүүлэх ёстой. Жишээлбэл, мобайл, үйлчилгээний нэгдсэн төв хэлбэрээр явуулах хэрэгтэй” гэлээ. 

Д.Энхбат: Өнөөдөр олон салбарт мэдээллийн технологи хүрсэн. Гэтэл түүнийг авч чадахгүй байна
 
Гэрэл зургийг Mpa.mn

Харин дижитал үйлчилгээний хүртээмжийн тухайд Нээлттэй мэдлэг боловсролын сангийн ТУЗ-ийн дарга Д.Энхбат “Монгол Улс сүүлийн 20 жилд мэдээллийн технологи, харилцаа холбоог хүмүүст хүргэх тал дээр ихээхэн амжилтад хүрсэн. Одоо дараагийн үед шилжиж байна. Энэ нь зөвхөн гар утас, харилцаа холбооны үйлчилгээг хүмүүст хүргэхээр хязгаарлагдахгүй харин тэр хүмүүсийн эрхэлж буй ажил, боловсрол, амьдрал, бизнес гэх зэргээр эдийн засаг, нийгмийн бүх салбарт мэдээллийн технологи хүмүүсийн аж амьдралыг өөрчилж байгаагийн тухай асуудал болж байна.

Хүртээмж бол нэг талаас өгч чадаж байна уу, нөгөө талаас авч, өөртөө ашигтайгаар шингээж чадаж байна уу гэдгийн хос нийлбэр дээр тодорхойлогддог. Өнөөдөр олон салбарт мэдээллийн технологи хүрсэн. Гэтэл түүнийг авч чадахгүй байна. Жишээлбэл, оюутнууд интернэтийг хичээлийн бус цагаар хангалттай ашигладаг ч, хичээл дээрээ ашигладаггүй. Тэгэхээр мэдээллийн технологийг гурван сая хүн өөр өөрийн талбарт яаж ашиглах тухай асуудал юм” гэв.

 
Гэрэл зургийг Mpa.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.