Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Нэгхэн сарын дотор чанаргүй зээл 45%-иар өсөж, арилжааны банкууд 200 тэрбум төгрөгийн алдагдал хүлээв

Ч.Болортуяа
2018 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Арилжааны банкуудын аравдугаар сарын тайлан тэнцлийн дүн мэдээг Монголбанк мэдээлээд байна.

Оны эхний 10 сарын дараах тайлангаар арилжааны банкуудын алдагдал 200 тэрбум төгрөгт хүрсэн нь анхаарал татаад байгаа юм.  Гэтэл есдүгээр сарын төгсгөлд банкууд 42 тэрбумын ашигтай ажиллаж байв. Өөрөөр хэлбэл сарын дотор банкуудын ашигт 240 орчим тэрбум төгрөгийн өөрчлөлт ороод байна. 

Жилийн өмнө буюу 2017 оны аравдугаар сарын эцэст банкууд эсрэгээрээ 220 тэрбумын ашигтай ажиллаж байлаа. 

Мөн чанаргүй зээлийн хувьд аравдугаар сард 1.9 буюу бараг хоёр их наяд төгрөгт хүрээд байна. Энэ нь нийт зээлийн 11.9 хувьтай тэнцэж байгаа юм. 

Чанаргүй зээл нэг сарын дотор гэхэд огцом буюу 600 тэрбум төгрөгөөр нэмэгдээд байна. 

График 1, Арилжааны банкуудын Чанаргүй зээл ба Ашиг/алдагдлын хэмжээ, сараар, 2017-2018 онд


График 2, Арилжааны банкуудын Ашиг/алдагдлын хэмжээ, жилээр, 2018 оны эхний 10 сарын байдлаар


Монголын Банкны Холбоо 2018 оны хоёрдугаар улирлын тайландаа банкуудын ашиг буурч байгааг Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудад хийгдсэн активын чанарын үнэлгээний үр дүнгээр хийгдэж буй ажлууд нөлөөлсөн гэж тайлбарлаж байв. 

ОУВС Монгол Улсад хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн зургаа дахь шатны үнэлгээндээ "Өөрийн хөрөнгийн хүрэлцээгүй банкуудад энэ оны арванхоёрдугаар сарын эцэс хүртэл дахин хөрөнгөжүүлэх хугацааг олгосон. Энэ хугацаанд өөрийн хөрөнгийн шаардлагыг хангаж чадаагүй банкуудад Төв банкнаас оролцох эсвэл Банкны тухай хуулийн дагуу шийдвэрлэх болно" гэж мэдэгдээд буй. 

Тэгвэл "Есдүгээр сарын байдлаар хөрөнгийн дутагдалтай банкууд 140 тэрбум төгрөгөөр хөрөнгөө нэмсэн" гэж Монголбанк мэдээлээд байна.

Мөн системийн хэмжээнд эрсдэлтэй 2-3 банк байгаа тухай эх сурвалжууд мэдээлсэн юм.

Судлаачдын үзэж буйгаар чанаргүй зээлийн эзлэх хувь хоёр оронтой тоонд хүрэх нь санхүүгийн системд аюулын дохио өгч буй үзүүлэлт  гэж онцолж байгаа юм. 

Өнөөдрийн байдлаар инфляци Улаанбаатар хотынх 7 орчим хувь, чанаргүй зээл ийнхүү 12 хувь, дээрээс нь төгрөг эрчимтэй суларч байгаа энэ нөхцөлд Монголбанк эдийн засгийн эрсдэл их байгааг онцолж бодлогын хүүгээ нэг хувиар нэмэгдүүлж 11% болгосон.

Гэтэл УИХ нь 11.6 их наяд төгрөгийн зардалтай, хоёр их наяд төгрөгийн алдагдалтай хэт өөдрөг төсөв батлаад байгаа нь ямар их эсрэг тэсрэг логикийн зөрчил байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл, 2019, 2020 цаашлаад их өрүүд дарагдаж эхлэх 2021 онд эдийн засгийн төсөөллийг бүр л эрсдэлтэй болгож байна. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.