Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Содбаатар: Нүүрс тээвэрлэж буй жолооч нарын цалинг нэмэх асуудлыг аж ахуйн нэгжүүд бодох хэрэгтэй

А.Намуун, iKon.mn
2018 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Зам тээвэр, хөгжлийн сайд Я.Содбаатар болон холбогдох бусад яам, тамгын газрын төлөөллүүд нүүрс тээврийн компанийн төлөөлөлтэй уулзалт хийлээ. Энэ үеэр Автотээврийн үндэсний төвөөс нүүрс тээвэрлэлтийн замд үүсээд байсан нөхцөлийн талаар танилцуулав.

Нүүрс тээвэрлэлтийн замд үүссэн цувааг зохион байгуулж цэгцэлжээ

Хятадын талаас нүүрс татан авалт буурсантай холбоотойгоор Өмнөговь аймгийн Гашуунсухайт, БНХАУ-ын Ганц мод боомтын чиглэлд тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгслийн дараалал энэ сарын 6-наас эхлэн 100-140 км-т хүрч, нийт 6,500 орчим тээврийн хэрэгслийн цуваа үүсээд байсан юм. 

Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвөөс тээвэр зохион байгуулалттай холбоотой шуурхай арга хэмжээ авч, холбогдох байгууллагуудтай хамтран дээрх асуудлыг шуурхай шийдвэрлэсэн байна.

Тухайлбал, уурхайн ачилтуудыг түр зогсоон хил, гаалийн байгууллагуудтай хамтарч нүүрс тээвэрлэлт хэвийн болох хүртэл лац олгохгүй байхаар зохион байгуулж, Оюутолгойн авто замаар ачаагүй тээврийн хэрэгслүүдийг явуулахаар зохион байгуулсан байна. Мөн Автотээврийн үндэсний төв, Гашуунсухайт авто замын гэрээт цагдаагийн тасагтай хамтран Гашуунсухайт авто замын эсрэг урсгалын хөдөлгөөнийг хааж, хоёр эгнээгээр 1,700 гаруй тээврийн хэрэгслийн цувааг татаж, Цагаан хаданд буулгах арга хэмжээг авчээ.

Мөн тээвэрлэгч аж ахуй нэгж байгууллагуудын кэмпид тэдгээр жолооч нарыг байрлуулж, дараалалд байгаа жолооч нараа хоол хүнс, дулаан хувцас, түлш болон шаардлагатай бусад зүйлээр ханган ажиллах үүрэг чиглэл өгсөн байна. Уурхайн ачилтыг түр хугацаагаар зогсоох болсонтой холбогдуулан жолооч нарыг Цагаан хад-Улаанбаатар хотын чиглэлд тээвэрлэх ажлыг Автотээврийн үндэсний төвөөс зохион байгуулжээ.

Жолооч нарт нэг удаагийн тээврийн мөнгийг өгч, тусламж үзүүлэхийг хүслээ

Уулзалтын төгсгөлд Зам, тээвэр хөгжлийн сайд өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж, нүүрс тээвэртэй холбоотой урт болон богино хугацаанд хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өглөө. 

 
Гэрэл зургийг Mpa.mn

Тэрбээр "Өнөөдөр Засгийн газраас Тавантолгойгоос Гашуун сухайт, Ганц мод боомтын чиглэлд уртын урт тээврийг цуцалж, урт, богино болгох шийдвэр гаргасан. Ингэснээр 137 км урт дараалалд буй жолооч нар нүүрсээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсүүдэд буулгаад буцна. Дотоодод нэмүү өртөг үлдэж, жолооч нар хилээр гарах гэж 14 хоног зогсох явдал арилах юм.

Ер нь ойрын үед үүсээд байгаа нөхцөл байдлыг зохицуулах чиглэлээр Засгийн газраас тодорхой арга хэмжээнүүдийг авч байгаа. Гэхдээ хэвийн болтол нэлээн хугацаа орно. Уурхайн үйл ажиллагаа 15 хоногтоо бол хязгаарлалттай явагдана гэж ойлгох хэрэгтэй. 

Мөн өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар жолооч нартай холбоотой асуудалд онцгой анхаарах чиглэл гарсан. Аж ахуй нэгжүүд нэг удаагийн рэйсийн мөнгийг урьдчилан олгоход анхаарах хэрэгтэй байна. Мөн жолооч нарын цалинг нэмэгдүүлэх асуудлыг компаниуд бодож үзэх хэрэгтэй. 

Замын цагдаагийн газар болон Авто тээврийн үндэсний төвийн алба хаагчид тухайн газарт ажиллаж, тээврийн хэрэгсэлд хяналт, шалгалт хийх шаардлагатай байна. Мөн маргаашнаас Эрүүл мэндийн болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас Цагаанхад орчимд ажиллаж байгаа жолооч нарт эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, нийгмийн халамжийн үйлчилгээнд нь анхаарлаа хандуулна. Энэ чиглэлээр Эрүүл мэндийн сайдад үүрэг өгсөн байгаа" гэв.

Мөн энэ үеэр "Тээвэрчдийн гэргий нарын холбоо"-ноос жолооч нарын нэг удаагийн тээврийн мөнгийг компаниуд өгөх, тэдний амьдрах орчин, нөхцөлийг сайжруулж, архины эсрэг нөлөөлөх сургалт хийх санал дэвшүүлэв. Салбарын сайд гэргий нарын хүсэлтийн нэг удаагийн тээврийн мөнгийг олгохыг тээврийн компаниудад санал болгож байлаа.

Харин нүүрс тээврийн компанийн төлөөлөл тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд анхаарч, эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай байгааг сануулав.