Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Орлогч прокурор ЖДҮХСангаас өөрөө зээл авчихсан юм байхгүй. Эхнэрийнх нь компани авсан байна лээ"

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Аюулгүй байдал, Гадаад бодлогын Байнгын хорооны хурлаар төрийн өндөр албан тушаалтнуудын ЖДҮХС-гаас авсан зээлтэй холбоотой хуулийн байгууллагын шалгалтын талаарх мэдээлэлтэй танилцах байсан ч ирц бүрдээгүй учир хойшлогдлоо.

Байнгын хорооны хуралд Нийслэлийн Ерөнхий прокурор Д.Баярмагнай болон АТГ-ын дэд дарга Ц.Нямдоржоор ахлуулсан хуулийн байгууллагынхан ЖДҮХСангаас зээл авсан хүмүүсийг шалгаж байгаа талаараа мэдээлэл өгөхөөр ирсэн юм. Гэхдээ хуулийн байгууллагынхан хэн нэгэн албан тушаалтны нэрийг зарлахгүй, зөвхөн тоо ярина гэсэн нөхцөлтэйгээр байнгын хорооны хуралд оролцох болсон аж.   

Нийслэлийн Ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнайгаас ЖДҮХС-аас олгогдсон зээлийн асуудлаар явуулж буй хяналт шалгалтын явцыг тодрууллаа.

Тэрбээр "ЖДҮХС-гийн хэрэгтэй холбоотойгоор одоогийн байдлаар зургаан хүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна. ЖДҮХС-гаас олгогдсон зээл зориулалтын дагуу ашиглагдах ёстой. Бид ЖДҮХС-гаас олгогдсон зээл зориулалтын бусаар ашиглагдаж байна уу, үгүй юу, график төлөвлөгөөний дагуу эргэн төлөлт нь хийгдэж байгаа эсэх, тухайн зээл нь гадуур яригдаад байгаатай адил буюу санхүүгийн байгууллагад шилжиж, мөнгө хүүлсэн явдал болоод байгаа юм уу, үгүй юм уу гэдгийг шалгаж байна.

Хэдэн гишүүний бүрэн эрхийн асуудал яригдаж байгаа талаар мэдээлэл өгөх боломж байхгүй. Хэргийг дөнгөж шалгаж эхэлж байгаа учраас хувь хүн, хуулийн этгээдийн нэр төр, алдар хүндийг гутаах мэдээлэл өгч болохгүй. ЖДҮХС-аас 222 ААН-д зээл олгох шийдвэр гаргаснаас 211-д нь 96 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байна. Тиймээс бүх зээлийг шалгаж байгаа. Одоогоор ямар нэг компани байгууллагыг хаагаад битүүмжлээд шалгаад байгаа юм байхгүй.

Зээл зориулалтын дагуу зарцуулагдаж, сангийн шалгуурыг хангаж зээлээ авсан байвал гэмт хэргийн шинжтэй гэж үзэхгүй.

Прокурорын орлогчийн асуудал шалгагдаж байгаа. Ер нь бол орлогч прокурор өөрөө зээл авчихсан юм байхгүй. Эхнэрийнх нь байгуулсан компани зээл авсан байна лээ. Түүнийг нь бид шалгаж байна. Хэн ч байсан хуулийн хүрээнд шалгах л үүрэгтэй" гэлээ.

Гэрэл зургийг mpa.mn